ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлгийн хурлаар “ЭТТ” ХК, УБТЗ ХНН-ийг нээлттэй хувьцаат компани болгох ёстой гэж үзэн ажлыг нь сайжруулах ажлын хэсгийг байгуулжээ

ХӨШИГНИЙ АРД: МАН-ын бүлгийн хурлаар “ЭТТ” ХК, УБТЗ ХНН-ийг нээлттэй хувьцаат компани болгох ёстой гэж үзэн ажлыг нь сайжруулах ажлын хэсгийг байгуулжээ

МАН-ын бүлгийн өчигдрийн /2021.11.08/ хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тайлан болон Төмөр замын асуудлыг хаалттай хэлэлцсэн. Хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй ч  Тавантолгой ХК, Уул уурхайн яам, Зам тээврийн яам, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс төлөөлөл оролцож МАН-ын бүлгийн гишүүдэд мэдээлэл өгч, асуултад хариулсан байна.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-Г ШОУДААД БАЙЛГҮЙ ТӨМӨР ЗАМАА ЯАРАЛТАЙ ДУУСГА ГЭЖЭЭ -

НЭГДҮГЭЭРТ, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тайланг сонсоод компанийн одоогийн бодит нөхцөл байдлыг нээлттэй ярилцжээ. Ингэхдээ сүүлийн үед экспорт хаагдаж нүүрсний борлуулалт муудсан. Тодруулбал, 2020 онд төлөвлөсөн хэмжээний 50 хувьд ч хүрэхгүй нүүрсийг экспортлосон байна. Тиймээс цаашид нүүрсний борлуулалтаа яаж сайжруулах вэ гэдгийг тойрч санал солилцсон байна.

Бүлгийн гишүүдийн зүгээс  “Дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ өндөр байхад бид экспортоо хийж чадахгүй байна. Тиймээс УБТЗ транзит тээвэрт ач холбогдол өгөхөө хойшлуулж нүүрсээ экспортлох шаардлагатай байна. Мөн УБТЗ-ыг ашгаа бодоод транзит тээвэрт хэт анхаарч, байгаа хэдэн вагоноо уяад байна. Үүнийгээ болиод нүүрс, жонш, төмрийн хүдрийн гаргалт руу анхаармаар байна. Монголын үнэ тариф бага мөртлөө хатуу заримдаа алдагдалтай. Харин Орос болон Хятадын хооронд явж буй транзит тээвэр яг зах зээлийн үнээрээ. Тиймээс УБТЗ ашгаа бодож дээрх тээвэр рүү анхаарч байна. Одоо өөрсдөө экспортоо хиймээр байна. Ингэхдээ Шивээ-Овоо зэрэг дотоодын хэрэгцээг хангадаг уурхайгаас ачилт хийхэд үнийн асуудлаар шүүмжилж, юм ярихгүй. Харин экспортод гаргаж буй нүүрсийг зах зээлийн үнээр нь ачиж болно. Ер нь ач” хэмээн хурлын үеэр ярилцжээ.

Өнөөдөр Тавантолгойн уурхайн аман дээрээс Цагаан хаданд очтол 32 доллароор нүүрсийг тээвэрлэж байна. Харин вагоноор тээвэрлэвэл найман доллар зарлагадана. Цаашлаад дунд нь явагддаг авлигын сүлжээ үгүй болно. Тиймээс нүүрсний экспортыг сайжруулахад “Эрдэнэс Тавантолгой” ХК-г элдэвээр шоудаад байлгүй үлдсэн төмөр замыг яаралтай ашиглалтад оруул, зардлыг багасга. Хөрөнгөө зарж буй нь зөв. Тиймээс цаашид олон боомтоор нүүрсээ гаргах хэрэг байна. Ганц боомтоор нүүрсээ гаргах нь хүний “аманд” ороод буй учир Хөшөөт, Булган, Гашуунсухайт, Ханги мандал, Бичигт гээд олон газраар гаргавал ашигтай. Ханги мандалын төмөр замыг яаралтай ашиглалтад оруул гэж бүлгийн гишүүдийн зүгээс “Эрдэнэс Тавантолгой” ХК, “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХК-ИЙН удирдлагуудад хандан хэлжээ.  Ирэх жил 36.3 сая тонн нүүрс борлуулна гэж хөрөнгө оруулалтыг төсөвт тусгасан. Энэ байдлаараа дээрх хэмжээнд нүүрсээ экспортлож чадахгүй нь хэмээн эрх баригч бүлгийн гишүүд санаа зовнисон байна.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ АЖЛЫН ХЭСГИЙГ ГАРГАВ-

 “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр Зүүнбаян, Гашуунсухайтын төмөр замыг барьсан. Үүний үр ашиг ямар байгааг ч өчигдрийн хуралдаанаар ярилцжээ. Ингэхдээ өнөөдөр үр ашгаа өгөхгүй. Урт хугацаандаа өгнө. Гэхдээ олон сувгаар нүүрс экспортлох ажлыг эрэлхийлж төмөр замуудыг яаралтай барих шаардлагатай гэжээ.

Мөн тус компанийн бонд гаргасны үр дүн ямар байгаа болон санхүүгийн нөхцөл байдлыг авч хэлэлцжээ. Тайланг сонсоод ирэх долоо хоногт УИХ-ын даргын захирамж гарч УИХ-ын гишүүдээс гадна УИХ-ын харьяа байгууллага, мэргэжлийн байгууллага, Уул, уурхайн яам болон мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын болон дэд ажлын хэсгийг бүрдүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн байна. Ажлын хэсэг компанийн одоогийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөөд оноос өмнө гол саналуудаа гаргахаар төлөвлөжээ. Дээрхээс гадна “Эрдэнэс Тавантолгой” ХК-г  нээлттэй болгох, биржийн үнээр үнэ нь явах ёстой мөн нүүрсийг сорчилж ачихгүйгээр боловсруулах, угаах цэвэршүүлэх ажил руу анхаарах ёстой гэж бүлгийн гишүүд санал гаргажээ. УИХ-аас гарах ажлын хэсэг ч үүнд анхаарч ажиллах юм байна.

-ХЭН БАЙХААС ҮЛ ХАМААРААД МОНГОЛ ХҮНИЙГ Л УБТЗ-ЫН ДАРГААР ТОМИЛУУЛАХ ЁСТОЙ. ОРОС ХҮН ТОМИЛОХ НЬ ТУС КОМПАНИЙН ИРЭЭДҮЙД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ ГЭСЭН БАЙНА-

ХОЁРДУГААРТ, УБТЗ-ын асуудлыг хэлэлцсэн. Тус байгууллага нь 1993-1995 онд Японоос  иений зээл авч байжээ. Энэ зээлээр вагон худалдаж авснаас гадна бусад зүйлд хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүний үндсэн төлбөр хийгдсэн. Гэтэл алданги, хүү, ханшийн зөрүү гэсэн гурван асуудал одоо шийдэгдээгүй асуудал үүсгэжээ. Тухайн үед зээл анх авахад 1 иен 9 төгрөгийн үнэтэй байсан. Одоо нэг иен 25.9 төгрөгтэй тэнцэж, хүү өндөр болсон. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас тодорхой саналуудыг тавьсан байна. Тухайлбал, дүрмийн сангаа нэмэгдүүлье гэх зэрэг саналыг тавьжээ.

Харин МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар хүү, алдангийг зогсоох санал гаргаж ирэх арванхоёрдугаар сарын 16-нд Ерөнхийлөгчийн ОХУ-д айлчлах айлчлалын үеэр уг асуудлыг хөндөх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн гэж эх сурвалж мэдээлэв.

Үүнээс өмнө Монголын талын ганц, хоёр зээлийн асуудлыг шийдвэрлэхээр болжээ. Гэхдээ зээлийг татварын төлөгчдийн мөнгөөр төлөхгүй гэж үзжээ. Харин ханшийг тооцохыг зогсоох, хүүг нь зохицуулах асуудлаар хоёр улс хэлэлцээр хийх аж. Үүнд ОХУ-ын талаас ч үүрэг хүлээж байгаа аж. Одоогоор тус зээлийн үлдэгдэл гэж 43 тэрбум төгрөг үлдсэн бөгөөд УБТЗ ХНН төлөх үүрэгтэй гэнэ. Тиймээс яаралтай тус асуудлыг шийдвэрлэж яриа хэлэлцээрийг дуусгах, үр дүнд хүргэхийг бүлгийн гишүүдээс анхааруулсан байна.

Харин УБТЗ ХХН-ийн даргын хувьд ОХУ-аас орос, монгол хүнийг ээлжилж даргаар томилох шаардлагыг тавьж байгаа. Харин МАН-ын бүлэг дээр УБТЗ ХНН-ийн даргыг яаралтай томилуулах, яриа хэлэлцээрийг ахиулах, хэн байхаас үл хамаараад заавал монгол хүн томилуулах шаардлагатай гэж ярьжээ. Хэрвээ орос хүн даргаар томилбол энэ компанийн ирээдүйн үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үзүүлж магадгүй. Тиймээс Монгол хүн тавихын зэрэгцээ Оросын талаас тавьсан шаардлагыг ч орхигдуулалгүй яаралтай ханга гэжээ. Мөн бүлгийн хуралдаанаар УБТЗ ХНН-ийг нээлттэй ил тод компани байлгамаар байна гэдэг саналыг бүлгийн гишүүд хэлжээ. Тэгэхгүй бол ковидтой холбоотойгоор хил хаагдаж төмөр замын эрэлт нэмэгдсэн үед ачаа бараа тээвэрлэхдээ авлигын асуудал гарч байна гэжээ.

ДҮГНЭЛТ: Товчхон хэлбэл, ээрх хоёр компанийг нээлттэй хувьцаат компани болгох ШААРДЛАГАТАЙ гэх байр, суурьд МАН-ын бүлэг нэгдэж, ажлын хэсэг томилон бэлтгэл ажлыг хангахаар болсон байна.