Азидаа томд тооцогдох “Усан парк” барина гэж хашаалсан Энхтайваны гүүрний зүүн талд 25 давхар олон тооны орон сууцны хороолол барьж, бетонон ширэнгэ болгох гэж байгаа талаар iSee.mn мэдээллийн сайт анх мэдээлж байлаа. Мэдээллийг ЭНД ДАРЖ харна уу.
Улмаар уг барилгын хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу хэтрүүлэн барьсан гэх дүгнэлт гарч, Хотын даргын нураах захирамж гарч байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар барилгыг нураалгүй байсаар олны нэрлэж заншсан “Авлига хороолол” бүхэлдээ ашиглалтад орох гэж байгаа талаар бид сурвалжиллаа.
ВИДЕО:
-Д.СУМЪЯАБАЗАР ХОТЫН ДАРГА БАЙХДАА “ЭМ ЭНД ЖИ” КОНСТРАКШНД ОРОН СУУЦНЫ ЗОРИУЛАЛТТАЙГААР ГАЗАР ОЛГОСОН-
Анх 2007 онд “Эм Энд Жи” констракшнд төмөр замын дуу чимээнээс тусгаарлах хана босгох, авто замын холболт хийх, үерийн далан барихаар газар ашиглуулах зөвшөөрлийг олгосон байдаг. Улмаар 2008 оны нийслэлийн засаг дарга асан Т.Билигт Дунд голын салаа урсгал урсдаг 11.8 га газрыг "Эм Энд Жи" ХХК-д орон сууцны чиглэлээр ашиглах зөвшөөрөл өгсөн. Үүний дараа 2011 онд нийслэлийн засаг дарга Г.Мөнхбаяр нь тухайн барилгын компанийн ашиглах эрхийн зөвшөөрлийг “эзэмших” эрх болгож өгсөн. Харин 2013 онд Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл тухайн газрыг ногоон байгууламж байгуулахаар өөрчилсөн.
Үүний дараа 2018 онд нийслэлийн засаг дарга С.Батболд өмнөх захирамжийг өөрчлөн 11.8 га газрыг гурав хувааж, тус бүр газрын гэрчилгээ олгож, газрын зориулалтыг худалдаа үйлчилгээнийх болгон өөрчилсөн.
Харин 2020 онд нийслэлийн засаг даргын ажлыг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Эм Энд Жи” компанийн газрын гэрчилгээг хүчингүй болгон цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж болгох тушаал гаргасан.
Гэтэл 2022 онд Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар газрын гэрчилгээг сэргээн, худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттайгаар дахин олгосон байдаг. “Эм Энд Жи” констракшн уг байршилд орон сууц барьж эхэлсэн түүх товчхондоо ийм.
-ХОЁР БЛОК БАРИЛГЫГ НУРААХ ЗАХИРАМЖ Ч ХЭРЭГЖСЭНГҮЙ. ЭЦСИЙН НАЙДВАР БАРИЛГА БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРУУЛАХ КОМИСС ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХГҮЙ БАЙХ ЯВДАЛ-
Улмаар “Авлига хороолол” баригдахдаа урд талын хоёр блок барилгыг Дунд голын ай сав руу оруулж барьсан буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн барьсан гэсэн дүгнэлт гарсан байдаг. Улмаар 2023 оны наймдугаар сард Д.Сумъяабазар хотын дарга байхдаа Дунд голын ай савыг хааж барьсан “Шунхлай” ШТС, “S Outlet” дэлгүүр болон “Aqua garden /Авлига хороолол/“-ын урд талын хоёр блок барилгыг нураах захирамжийг тус тус хүргүүлсэн байдаг. Гэтэл “Шунхлай” ШТС болон “S Outlet” дэлгүүрийг нураагаад “Авлига хороолол”-ыг үлдээсэн. Үүнийг Хотын дарга Х.Нямбаатар “Авлига хороололтой холбоотой асуудал шүүхийн шатандаа явж байгаа. Эцсийн шийдвэр гармагц нураана” гэх тайлбарыг өгч байлаа.
Өнөөдрийн байдлаар “Авлига хороолол”-ын нэг метр/кв тутмыг 5.6-6.4 сая төгрөгөөр худалдаалж байна. Бид борлуулалтын ажилтнаас хэзээ ашиглалтад орох талаар мэдээллийг тодруулахад, “Наадмаас өмнө буюу долдугаар сард багтаан комисс хүлээн авснаар ашиглалтад орно” гэх мэдээллийг өгсөн.
Өмнө нь Хотын дарга, Ерөнхий сайд гэхчилэн хүмүүс уг байршилд ажиллаж, УИХ-ын дарга хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулж, голын ай сав руу оруулж барьсан барилгыг нураах хэрэгтэй талаар байр сууриа илэрхийлж байв. Гэтэл хэнийх нь ч үг хэлсэндээ хүрсэнгүй. “Авлига хороолол” ашиглалтад орох гэж байна. Үүнтэй холбоотой асуудлын талаар хотын дарга Х.Нямбаатар “Авлига хорооллыг нураах эсэх асуудал шүүх дээр гацсан байгаа” хэмээн тайлбарлаж байгаа. Харин тус барилгыг гүйцэтгэгчид үүнийг үгүйсгэж, хууль зөрчөөгүй хэмээн тайлбарласаар байна. Одоо эцсийн найдвар Барилга, байгууламж ашиглалтад оруулах комисс хүлээж авахгүй байх явдал юм.