Н.Учрал: Сэтгүүлчид мэдээлэл бэлтгэн гаргах бол заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй

Н.Учрал: Сэтгүүлчид мэдээлэл бэлтгэн гаргах бол заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй

УИХ-ын Хууль зүйн болон Инновац, цахим бодлогын байнгын хорооны өнөөдрийн хамтарсан хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт хэлэлцэж байна. 

Энэ үеэр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 29.2 дахь заалтын талаар гишүүд асууж, ярилцав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд "Зөвшөөрөл авахгүйгээр хүний мэдээллийг гаргаснаар ямар эрсдэл үүсэх юм бэ. Энэ эрсдэлийг хаахын тулд заавал зөвшөөрөл авах ёстой гэдгийг хэлж өгөөч. Эмзэг мэдээлэл гээд байгаад хөрөнгө орлого хамаарахгүй байгаа биз дээ. Тэртээ тэргүй УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг ил байгаа. Нууц хамаарахаас бусад төрийн албаны бүх мэдээлэл ил байгаа. Энэ зүйлүүдийг мэдээлэхэд заавал зөвшөөрөл байх ёстой гээд явчих вий дээ. Мэдээллийн ил тод байдлыг хангаж ажиллах төрийн үндсэн зарчим энэ хуулиар хаагдчихвий" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Хуулийн 8.6-д заасан заалтыг тодруулмаар байна. Мэдээлэл цуглуулах зөвшөөрөлд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бөгөөд хариу өгөхөөр тогтоосон хугацаа, ердийн боломжит хугацаа өнгөрсөнийг мэдээлэл цуглуулахад зөвшөөрсөнд тооцох үндэслэл болохгүй гэж байна. Тэгэхээр уг заалт чинь хуулийн чинь гол зорилгыг хаачихаж байгаа юм бишүү. Би "Таны талаар ашигт малтмал, лиценз, уул уурхайтай холбоотой мэдээлэл цуглуулж байгаа юм" гээд зөвшөөрөл хүссэн. Гэтэл нөгөөх нь мэдээж өөрийнхөө талаар мэдээлэл өгөхгүй шүү дээ. Тэгээд хариу өгөхгүй бол тэр мэдээллийг нь цуглуулж чадахгүй нь. Энэ заалт хатуу заалт байна. Уг мэдээллийг цуглуулж чадахгүй нь байна шүү дээ" гэлээ. 

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын Н.Учрал "Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль дээр сэтгүүлчид 12 дугаар зүйлийн талаар нэлээд олон асуулт асуусан. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр ажлын хэсэг ажиллаад сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж болно гэснийг сэтгүүлзүйн зорилгоор мэдээллийн эзний зөвшөөрлөөр, эсвэл нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үүднээс мэдээллийг цуглуулж боловсруулж ашиглаж болно гэж өөрчилсөн. Мэдээллийн эзний зөвшөөрлөөр гэдгийг хасахаар оруулж ирж байгаа. Мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж мэдээллийн эзнийг таньж тодруулахыг хориглоно гэсэн заалтыг мөн хасах саналыг оруулж ирж байгаа. Тиймээс сэтгүүлчид мэдээлэл бэлтгээд гаргах бол заавал мэдээллийн эзнээс зөвшөөрөл авах шаардлагагүй. Хүний хөрөнгийн талаарх мэдээллийг хүний эмзэг мэдээлэлд хамруулж байсан бол улс төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг ил байгаа учраас эмзэг мэдээллээс хасч хувийн мэдээлэл рүү оруулах саналыг оруулж ирж байгаа. Нийтийн мэдээллийн хуулиар 5 төрлийн 67 мэдээллийг нийтэд ил болгож байгаа.

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль нь нийтийн мэдээллийн хуулиас өөр. Жишээ нь, хувь хүний мэдээллийг ажил олгогч ажилтнаасаа цуглуулж байлаа гэж бодоход мэдээллийн эзэн нь хариу өгөхгүй, хариу өгөхөөр тогтоосон хугацаа ердийн боломжит хугацаа өнгөрсөнийг мэдээлэл цуглуулахад зөвшөөрсөнд тооцохгүй гэж байгаа. Хугацаа өнгөрсөн нь хамаагүй тухайн мэдээллийг цуглуулж буй талд мэдээллийн эзэн хариу өгөөгүй бол мэдээлэл цуглуулсан, зөвшөөрөл өгсөнд тооцохгүй" гэв.