ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ дахь АН-ын бүлэг түр завсарлага авлаа.

Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэсэн зохицуулалт орсон. Энэ хүрээнд УИХ- дахь олонх, цөөнхийн бүлэг, Ерөнхийлөгч, Засгийн газар, ХЭҮК, Монголын Хуульчдын холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, хууль зүйн их, дээд сургуулийн нийт 11 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын баг шүүгч бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан байна.

Ажлын багт 31 нэр дэвшигч материалаа ирүүлснээс 29-ийг нь бүртгэж, 2-ыг нь бүртгэхээс татгалзсан байна. Улмаар сонгон шалгаруулалтын явцад 4 хүн нэрээ татаж, 1 хүн төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн, 1 хүн ярилцлагад ороогүй тул бүртгэлээс хасаж нийт 24 хүн нэр дэвшсэн байна. Сонгон шалгаруулалтыг зарыг нийтэд мэдээлэх, нэр дэвших тухай хүсэлт, материалыг хүлээн авах, ажлын хэсэг байгуулах, нэр дэвшигчээр бүртгэж, нийтэд мэдээлэх, нэр дэвшигчийн баримт бичгийг www.parliament.mn цахим хуудсанд байршуулах, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулах, бүрдүүлэх, ажлын басгийн ярилцлага зохион байгуулах, нэр дэвшигчийг тодруулан УИХ-д санал болгох гэсэн 8 үе шатын хүрээнд зохион байгуулжээ. Улмаар ажлын багаас Н.Отгончимэг, Н.Мөнгөнцэцэг, Н.Баасанжав, Р.Онончимэг, Д.Эрдэнэчимэг нарыг томилуулахаар танилцууллаа.

Томилгоог хэлэлцэх явцад УИХ-ын гишүүн Ч.Ундрам нэр дэвшигчдийг дэмжиж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн нийт 23 нэр дэвшигчээс олонхын санал авсан 5 нэр дэвшигч бүгд эмэгтэй байгаад баяртай байгаагаа дурдсан юм.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн ШЕЗ бол хууль хэрэгжүүлэх бус хүний нөөцийн менежментийн байгууллага гэдгийг онцоллоо. Түүнчлэн шүүгч нарыг бэлтгэх, давтан сургах, сонгон шалгаруулах үндсэн үүрэгтэй хэмээгээд хамтын удирдлагын зарчмыг хэрэгжүүлэх, хүйсийн тэгш эрхийг хангах, шүүгч нарын ажлын ачааллыг жигдрүүлэхэд онцгой анхаарах хэрэгтэй гэв. 

Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, “Нэр дэвшигчид УИХ-ын гишүүдтэй ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг бичгээр авах шаардлагатай. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос томилгооны нээлттэй сонсгол явуулах үед иргэдийн оролцоог бүрэн хангаагүй. Тиймээс ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлтэй байна” хэмээсэн юм. Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар, “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос нэр дэвшигчдийн ашиг сонирхлын мэдүүлгийг АТГ-т өгч хянуулах ёстой. АТГ-аас мэдүүлгийн хариу ирэх хүртэл АН-ын бүлэгт завсарлага өгч байна” гэв.

ҮЗЭХ: