Ц.Батболд: "Туулын хурдны зам"-ын урьдчилгаанд 500 тэрбумыг өгсөн учраас төслийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэдэг нь үндэслэлгүй тайлбар

Ц.Батболд: "Туулын хурдны зам"-ын урьдчилгаанд 500 тэрбумыг өгсөн учраас төслийг үргэлжлүүлэхээс өөр аргагүй гэдэг нь үндэслэлгүй тайлбар

Нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийг шалгах АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад дөрвөн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Үүний зэрэгцээ олон нийтийн хамгийн их шүүмжлэл дагуулж буй төслүүдийн нэг болох Туулын хурдны замын асуудлаар хууль зүйн маргаан үргэлжилж байна. Тодруулбал, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч, хуульч Ц.Батболд өнгөрсөн дөрөвдүгээр сард НИТХ-ын уг төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоолыг хууль бус хэмээн үзэж, шүүхэд хандсан юм. Тэгвэл Туулын хурдны замын төслийн хууль зүйн үндэслэл, шүүхийн маргаан болон шалгалтын явцын талаар өмгөөлөгч Ц.Батболдтой ярилцлаа.

ВИДЕО:

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХИЙГ ЗӨВШӨӨРСӨН НИТХ-ЫН ТОГТООЛ ХУУЛЬ БУС"

- Таны хувьд нийслэлээс хэрэгжүүлж байгаа мега төслүүдийн нэг Туулын хурдны замтай холбоотой асуудлаар шүүхэд хандсан. Яг нэхэмжлэлээ юу гэж гаргаж, хэзээ шүүхэд анх хандсан бэ?

-Миний хувьд анх 2026 оны дөрөвдүгээр сард Туулын хурдны зам мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг эсэргүүцсэн иргэдийн талбай дээрх жагсаал цуглаанд өөрийн үзэл бодлоороо нэгдэж, эсэргүүцэж оролцож байсан. Эсэргүүцэлд оролцох явцдаа энэ хууль эрх зүйн баримт бичиг, хэрэгжүүлэх болсон шийдвэр ер нь хаанаас гарчхав, энэ нь өөрөө хуульд нийцэж байгаа эсэх талаар судалж үзээд, энэхүү Туулын хурдны зам төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зөвшөөрсөн НИТХ-ын 2025 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 123 дугаартай тогтоол нь өөрөө хууль бус юм байна гэдгийг олж харсан. Тухайн мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх төсөл нь хуульд нийцсэн эсэхэд бүрэн дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт өгөөгүй. Ингээд хууль зөрчсөн, илт хууль бус шийдвэр гаргасан байна гэдгийг олж хараад Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тухайн дөрөвдүгээр сард хандаж, нэхэмжлэл гаргасан.

- НИТХ-ын тогтоол нь хууль зөрчсөн гэж хэлж байна шүү дээ. Яг ямар, ямар хууль, дүрмүүдийг зөрчсөн юм бэ?

-НИТХ-ын тогтоол өөрөө Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлд заасны дагуу өөрийн эрх хэмжээний хүрээнд хянаж байх ёстой гэж үзэж байгаа. Нийслэлийн Засаг дарга, түүний Тамгын газраас хийж байгаа төсөл хөтөлбөрийг хянаж, үнэлэлт дүгнэлт өгч, хэрэгжих боломжтой эсэх, цаг хугацааны хувьд тохирсон эсэх, иргэдийн нийтлэг эрх ашиг, сонирхолд нийцэж байгаа эсэхийг бүрэн гүйцэт хянаж байж тухайн мега төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж болно гэсэн шийдвэрээ гаргах ёстой. Гэтэл нийслэлээс оруулж ирж байгаа энэ Туулын хурдны зам мега төсөл хөтөлбөр нь илт хууль зөрчсөн, цаг хугацааны хувьд болоогүй, эрх бүхий байгууллагаасаа шийдвэрээ аваагүй ийм мега төсөл хөтөлбөрийг хянах, үнэлэлт өгөх үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шууд 100 хувиар батлаад хэрэгжүүлэхийг зөвшөөрчихсөн байгаад л энэ хууль бус байгаа юм.

- Тэгэхдээ хувь хүн, өмгөөлөгч гээд хэн ч байсан ямар нэгэн төсөл хөтөлбөрийг шууд хэрэгжих боломжгүй гэж дүгнэх боломжгүй. Та мэдээж тодорхой хэмжээний судалгаа шинжилгээ хийсэн байх. Яг ямар судалгаа шинжилгээнүүд дээр үндэслээд энэ дүгнэлтээ гаргасан бэ?

-Тийм. Энэ төсөл анхнаасаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Төслийн хэрэгжилтийн явцад сошиал болон төрийн байгууллагуудад мэдээлэл өгөх системээр дамжуулан судалж үзэхэд Монгол Улсад мөрдөгдөж буй олон хууль, дүрэм, журмыг зөрчсөн асуудал харагдсан. Тухайлбал,

Усны тухай хууль, Байгаль орчны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль зэрэг олон хууль хамаарч байгаа. Тухайн үед Усны газраас шаардлагатай зөвшөөрлийг аваагүй, байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээг хийлгээгүй, улмаар сүүлд нөхөн хийлгэсэн асуудал байсан. Мөн тухайн газарт археологи, палеонтологийн судалгаа хийж, түүх, соёлын дурсгалт зүйл байгаа эсэхийг тогтоон, холбогдох дүгнэлтийг гаргуулсны дараа төслийг хэрэгжүүлэх ёстой байсан.

Түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны шийдвэр гаргахтай холбоотой нийтлэг шаардлагуудыг хангаагүй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа иргэдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд иргэдээс санал авах, тэдний оролцоог хангах ёстой. Үүнээс гадна дөрөвдүгээр сард УИХ-ын Төсвийн байнгын хорооноос нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалттай холбоотой хяналтын сонсгол зохион байгуулсан. Би хоёр өдөр үргэлжилсэн уг сонсголд биечлэн оролцсон. Сонсголын үеэр шинжээч, илтгэгчдийн танилцуулсан мэдээллээс харахад энэ төсөл нэлээд түүхий, бэлтгэл ажил нь бүрэн хангагдаагүй, олон хууль, журамтай холбоотой асуудалтай байгаа нь харагдсан. Мөн Үндэсний аудитын газар 2026 оны зургаадугаар сарын 30-ны өдөр Үндэсний аудиторын 76 дугаар тушаалаар Туулын хурдны замын мега төсөл болон Сэлбэ дэд төвтэй холбоотой гүйцэтгэлийн аудитын тайлан гаргасан. Тус тайланд Туулын хурдны замын төсөлтэй холбоотой олон асуудлыг дурдсан бөгөөд төсөл хэрэгжихэд шаардлагатай зарим нөхцөл бүрдээгүй, хууль, дүрэм, журмын зөрчилтэй асуудлууд байгааг аудитын дүгнэлтээр тогтоосон. Тиймээс би зөвхөн өөрийн таамаг, байр сууринд үндэслэн шүүхэд хандаагүй. УИХ-ын хяналтын сонсголын үеэр танилцуулсан мэдээлэл, шинжээчдийн дүгнэлт, Үндэсний аудитын газрын тайлан зэрэг баримт материалыг үндэслэн, холбогдох хууль, эрх зүйн зохицуулалттай харьцуулж үзээд, хууль зөрчсөн гэж үзсэн үндэслэлүүдээ нэгтгэн шүүхэд нэхэмжлэл гаргасан.

"ТӨСЛИЙГ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРТАЛ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ШИЙДВЭР ГАРСАН"

- Таны хувьд дөрөвдүгээр сарын 20-нд анх шүүхэд нэхэмжлэлээ өгсөн гэж байна. Тэгэхээр таны нэхэмжлэлийн дагуу хэзээ хэрэг бүртгэл нээсэн бэ.  Анхан шатны шүүх хурал нэлээн хэдэн удаа хойшилж байсан санагдаж байна?

-Тийм, би нэхэмжлэлээ дөрөвдүгээр сарын 20-нд өгсөн. Мэдээж хуулийн хүрээнд долоо хоногийн дотор захиргааны хэрэг үүсгэх эсэхээ шүүх шийддэг. Тэгэхээр тухайн сарын 27-нд захиргааны хэрэг үүсгэсэн гэсэн үг. Ингээд хэрэг үүсгээд ажиллагаа явагдаж байх явцад би уг төслийг түр түдгэлзүүлэх хүсэлт өгсөн. Тэр түдгэлзүүлэх хүсэлт маань долдугаар сарын 22-нд хангагдаж, тухайн төсөл хөтөлбөрийг зогсоосон байдаг. Шүүхээс албан ёсоор зогсоосон гэж ойлгоно. Энэ хугацаанд шүүх хуралдаан нийтд найман удаа хойшилсон. Энэ нь нэхэмжлэгч, өмгөөлөгч миний зүгээс биш, хариуцагч тал, гуравдагч этгээдтэй холбоотой байдлаар удаа дараа ингэж хойшилсон.

- Удаа дараа хойшлуулахдаа ямар тайлбар мэдүүлэг өгч байсан юм бэ?

-Нөгөө талаас бол “Нэмэлт нотлох баримтууд цуглуулах шаардлагатай, гуравдагч этгээдийг оролцуулъя, НЗДТГ-аас төлөөлөгч оролцуулъя” гэх мэтээр ханддаг. Мөн өвчтэй, Хятадын талын төлөөлөгч нь албан ёсны итгэмжлэлгүй байдаг. Ингээд аль болох шүүх хуралдааныг хойшлуулж, цаг авах зорилгоор хуулийн хүрээнд, процессоор нь шүүх хуралдааныг хойшлуулж байсан.

- Хариуцагч тал давж заалдсан шүү дээ. Энэ тухайд.

Үндсэн нэхэмжлэлтэй холбоотой анхан шатны шүүх хуралдаан болоогүй байгаа. Үүнийг иргэд урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны шийдвэртэй хольж ойлгоод байна. Урьдчилсан хэлэлцүүлгээр үндсэндээ төслийг шүүхийн шийдвэр гартал түдгэлзүүлэх буюу төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг түр зогсоох тухай хүсэлтийг шийдвэрлэдэг. Анхан шатны шүүхээс төслийг түдгэлзүүлэх үндэслэлтэй гэж үзэж, хэрэгжүүлэхийг нь түдгэлзүүлсэн. Үүнийг хариуцагч болон гуравдагч этгээд давж заалдсан. Хариуцагчийн зүгээс уг төсөл, хөтөлбөрийг шүүхийн шийдвэрээр зогсоосноор иргэдийн амьдралын чанарт сөргөөр нөлөөлөх, түгжрэлийг бууруулах, агаар орчны бохирдолтой тэмцэх чиглэлээр нийслэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд сөргөөр нөлөөлнө гэсэн байр суурь илэрхийлсэн. Түүнчлэн энэ нь нийслэлийн иргэдийн олонхид зориулсан төсөл, хөтөлбөр учраас хэрэгжих ёстой гэж Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Харин гуравдагч этгээдийн зүгээс санхүү болон гүйцэтгэсэн ажлын хувьд хохирол учирч байна гэсэн байр суурь илэрхийлсэн. Миний хувьд анхан шатны шүүхийн үндсэн нэхэмжлэлтэй холбоотой шийдвэрийг хүлээж байгаа.

Харин давж заалдах шатны шүүх гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлийг хангах боломжгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Цаашид үндсэн нэхэмжлэлийг анхан шатны шүүхээр хэлэлцэх үед Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Туулын хурдны замын мега төслийг зогсоосон шийдвэрийг хавсаргах шаардлагатай гэж үзсэн.

Хоёрдугаарт, тухайн тендерт “China Hyway Group Limited” компани шалгарсан. Тиймээс энэ компанитай холбоотой маргаанд уг компанийг гуравдагч этгээдээр оролцуулах ёстой гэж үзсэн. Харин давж заалдах шатны шүүхээс тус компанийн охин болон туслан гүйцэтгэгч компани нь гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй гэсэн дүгнэлт гаргасан.

"ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМЫГ ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛЭЭР ХИЙХ ЁСТОЙ БАЙХАД ДУР МЭДЭН НИЙСЛЭЛИЙН ТӨСӨВТ ОРУУЛСАН НЬ Х.НЯМБААТАРЫН ГОЛ АЛДАА"

- COP17 бага хурлын үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва “Туулын хурдны замыг трассыг нь өөрчлөөд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай байдлаар үргэлжлүүлнэ” гэдгээ мэдэгдсэн. Мөн урьдчилгаанд өгсөн 500 тэрбум төгрөгөө буцааж авах нөхцөл байхгүй учир үргэлжлүүлэхээс өөр арга зам алга гэдэг ийм зүйлийг хэлж байсан. Та энэ тухайд?

-Трассаа өөрчилнө гэдэг нь яг ямар байдлаар өөрчлөх вэ гэдэг нь анхаарал татаж байна. Туулын хурдны замын төсөл анх 2013 онд Ардчилсан нам засаглаж байх үед хэрэгжүүлсэн “Гудамж” төслөөс үүдэлтэй. Анх батлагдсан трасс нь Туул голын далангийн хойд хэсгээр явахаар төлөвлөгдсөн. Засгийн газрын тогтоолоор уг трассын дагуу газар олголт хийхгүй байх шийдвэр гарсан боловч үе үеийн хотын дарга, дүүргийн удирдлагууд батлагдсан трассын дагуу газар олголт хийсэн. Ингэснээр анх батлагдсан трассаар зам барих боломжгүй болсон учраас Х.Нямбаатар Туул гол дээгүүр хурдны зам барих хувилбарыг оруулж ирсэн. Уг нь 2023, 2024 оны Засгийн газрын тогтоолын дагуу Туулын хурдны зам зэрэг мега төслийг нийслэлийн төсвөөр бус, концессын гэрээгээр хэрэгжүүлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөгдсөн. Гэтэл уг төслийг шууд нийслэлийн төсөвт оруулсан нь Х.Нямбаатарын гаргасан гол алдаа гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлсөн татварын мөнгөөр уг төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг нь төр, хувийн хэвшил хамтран замыг барьж, цаашид ашигласнаар замын төлбөрөөс оруулсан хөрөнгөө нөхөх сонирхолтой гадаад, дотоодын компаниуд оролцох боломжтой байсан. Ингэж төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар хэрэгжүүлсэн тохиолдолд гүйцэтгэлд тавих хяналт ч илүү үр дүнтэй байх боломжтой. Учир нь хөрөнгө оруулж буй компани өөрийн хөрөнгийн зарцуулалт, ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, төслийг шуурхай хэрэгжүүлэх сонирхолтой байна. Тиймээс одоо Туулын хурдны замын трасс яг хаагуур явах нь маш чухал асуудал. Иргэд энэ талаар тодорхой мэдээлэл хүлээж байна.

Харин ажил гүйцэтгэх гэрээний дагуу олгосон гэх 500 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал гүйцэтгэлийн аудитын тайланд дурдагдсан. Гүйцэтгэгч компаниас зарцуулалтын тайлангаа ирүүлэхийг шаардсан боловч аудитын тайлан гаргах хугацаанд холбогдох тайланг ирүүлээгүй байна. Тус компани 360 тэрбум төгрөгийг зарцуулсан тухайгаа Авто замын газарт албан бичгээр мэдэгдсэн байдаг. Гэвч компанийн эзэмшиж буй дансны үлдэгдлийг шалгахад үүнээс илүү хэмжээний хөрөнгө үлдсэн байсан гэж Аудитын байгууллага дүгнэсэн.

- Одоо энэ компаниа өөрчилье эсвэл энэ төслийг зогсооё гэхээр бид мөнгөндөө барьцаалагдсан гэдэг зүйлийг дарга нар хэлээд байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Анх энэ гэрээгээ хийхдээ шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн байна уу эсвэл арбитрын шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт оруулсан уу гэдэг сонин. Гэрээгээ ерөөсөө тодорхой болгодоггүй шүү дээ. Тэгэхээр гэрээ өөрөө анхнаасаа хуулийн дагуу хийгдсэн байж одоо гэрээ хүчин төгөлдөр байх ёстой.Гэтэл энэ гэрээ анхнаасаа хууль зөрчиж хийсэн гэрээ. Үүнийг аудитын дүгнэлт дээр ч дурдагдсан. Хуульч миний хувьд бодоход Иргэний хуулийн 56 буюу хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг зохицуулалтаараа гэрээ хүчингүй болно. Гэрээ хүчингүй болно нь талууд өгсөн, авснаа бие биедээ буцаана гэсэн ойлголт.

"НИЙСЛЭЛИЙН МЕГА ТӨСЛҮҮДИЙГ ГАРДАН ХЭРЭГЖҮҮЛСЭН Х.НЯМБААТАР ШАЛГАГДАХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ БАЙСАН"

- Туулын хурдны замтай холбоотой асуудлыг ярьж байгаа болохоор танаас бас асуухгүй өнгөрөх аргагүй байна. Та хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүн. Тэгэхээр одоо мега төслүүдтэй холбоотой, тэр дундаа Туулын хурдны замтай холбоотойгоор Х.Нямбаатарыг яллагдагчаар татсан гэдэг мэдээлэл өнгөрсөн долоо хоногт гарсан. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг гардан гүйцэтгэсэн хүн нь Х.Нямбаатар. Яг энэ төслийг төр, хувийн хэвшлийн хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой талаар удаа дараагийн Засгийн газрын шийдвэр гарсан байхад нийслэлийн төсөвт шууд оруулж ирсэн асуудал бий. Мөн “Алсын хараа-2050”-д зөвхөн улс, хотуудыг холбосон ийм замуудтай байна гэсэн ерөнхий төлөвлөгөө байсан. Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас судалгаа хийж, Туулын хурдны зам төсөл нь Монгол Улсад 2040 оноос хойш хэрэгжих боломжтой, одоогоор хэрэгжүүлэхэд эрт байна гэсэн зөвлөмж өгсөн байдаг. Газар чөлөөлөлт, эдийн засгийн нөхцөл зэрэг олон хүчин зүйлийг бүх талаас нь авч үзсэн байдаг. Дээр нь нийслэлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ОНӨҮГ-аас нийслэлээс хэрэгжүүлэх 12 төсөл хөтөлбөрийг үр өгөөж, үр нөлөөгөөр нь эрэмбэлэхэд Туулын хурдны замын мега төсөл тавдугаарт эрэмбэлэгдсэн байдаг. Гэтэл үүнийг нэгдүгээрт эрэмбэлж, уг төслийг хэрэгжүүлсэн байна. Энэ байдлаар шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаа. Миний хувьд хотын дарга асан Х.Нямбаатартай холбоотой асуудлыг шалгах нь цаг хугацааны асуудал байсан гэж ойлгож байгаа. Энэ нь зөвхөн Туулын хурдны замын мега төсөлтэй холбоотой биш. Хотын даргаар ажиллаж байх хугацаанд нь ямар байдлаар ажилласан, ямар шийдвэр гаргасан талаарх асуудлыг нийтлэг байдлаар шалгаж байгаа байх гэж бодож байна. Энэ хүрээнд Сэлбэ дэд төв, бордюр болон замын хавтан сольсон асуудал, 2023 онд батлагдсан Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуультай холбоотой асуудлууд бий.  Үүнтэй холбоотойгоор нийслэлийн дэргэд аж ахуйн нэгж байгуулж, одоо хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Тиймээс гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг хэрхэн хэрэгжүүлсэн, ямар үр дүнтэй ажилласан зэрэг асуудлыг мөн нийтлэг байдлаар шалгаж байгаа байх гэж бодож байна.

- Ярилцлага маань өндөрлөж байна. Танд ярилцлагын төгсгөлд нэмж хэлэх зүйл байгаа болов уу?

-Ундны цэвэр устайгаа байя. Багахан ч гэсэн ногоон байгууламж, экосистемтэйгээ үлдье. Голынхоо хоёр захаар дугуйн зам, явган замтай, амрагчид, нийслэлчүүд дуртай үедээ жижигхэн майхан бариад амарч болох хэсэг Туулын голынхоо дагуу авч үлдье гэсэн иргэдийн эсэргүүцэл юм. Түүнээс төр, нийслэлээс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг бүгдийг нь эсэргүүцээд, бүр улайрч эсэргүүцээд байгаа зүйл биш. Зарим хүн энэ эсэргүүцэгчдийн цаана улс төрийн хүчин, янз бүрийн зүйл байна гэж хэлдэг. Ийм асуудал байхгүй. Энд бол цэвэр ус, байгаль экологи, экосистемтэйгээ үлдье. Дээр нь ундны цэвэр устайгаа байя гэсэн санаа. Энэ нь цаашдаа нийслэлчүүдийн, бидний хойч ирээдүй болсон хүүхдүүдийн маань үлдээж өгөх нэг боломж.

- Ярилцсанд баярлалаа.