У.Хүрэлсүх: Манай улс хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй

У.Хүрэлсүх: Манай улс хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сарын 17 /2021.11.17/-ны өдөр нэр бүхий зарим хэвлэлийн удирдлагуудтай уулзалт хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцуулан санал солилцжээ. Энэ үеэр тэрбээр "Монгол улс парламентын засаглалаас ухарч болохгүй" гэдгийг онцолсон байна.

Тодруулбал Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Манай улс хэзээ ч Ерөнхийлөгчийн засаглалтай болж болохгүй. Парламентын засаглал бол бидний үнэт зүйл. Дэлхийн хоёр том гүрний дунд оршдог манайх шиг улсад парламентын засаглал хамгийн төгс тохирох хувилбар. Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болбол шийдвэрүүд ганцхан хүнээр дамжуулж гарах магадлалтай. Харин парламентын засаглалтай байхад 76 хүнтэй ярина. Олуулаа ярьж асуудлаа шийдвэрлэдэг байх нь зөв" гэсэн байр суурийг илэрхийлжээ.