ВИДЕО: "Богд Зонхов" хөшөөний 32 тэрбумын төсөв царцахгүй тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих ёстой

ВИДЕО: "Богд Зонхов" хөшөөний 32 тэрбумын төсөв царцахгүй тул Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих ёстой

Чингэлтэй дүүргийн тавдугаар хороо олны нэрлэж заншсанаар Тасганы овоон дээр “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборыг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барих Соёлын сайд Ч.Номингийн багцыг УИХ-аар дэмжиж, баталсан талаар бид /2021.11.20/ мэдээлсэн билээ.

“БОГД ЗОНХОВ” БУРХНЫ ХӨШӨӨ БҮХИЙ ЦОГЦОЛБОРЫН ЗУРАГ ТӨСЛИЙГ “ПИ ЮУ АЙ” ХХК ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖЭЭ

“Пи Юу Ай” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ

Сангийн яам болон Соёлын яамнаас уг ажлыг эхлүүлэх тендер зарлаагүй, нэг ч төгрөг зарцуулаагүй хэмээн мэдэгдэж байгаа ч барилгын суурь хэдийнэ баригдаж эхлээд буй. Тэгвэл “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборын барилга угсралтын ажлыг “Пи Юу Ай” ХХК хийж гүйцэтгэжээ. Тус компани нь 2014 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр бизнесийн зөвлөгөө өгөх, автомашинаар ачаа тээвэрлэх, гадаад худалдаа гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Тус компаний гүйцэтгэх захирлаар Б.Баттулга ажилладаг бол 2020 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Т.Пүрэвзагд гэх хүн хувьцаа эзэмшигчээр нь бүртгүүлсэн байх аж.

“Пи Юу Ай” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн мэдээлэл

Харин 2021 оны зургадугаар сарын тавны өдөр барилгын зураг төсөл чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байна. Гэтэл тус компанийн оролцсон тендерт “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолбор барих тендер байсангүй. Тэгвэл тус компани ямар шалгуур, хөрөнгийн эх үүсвэрээр тус хөшөөний суурийг барьж эхэлсэн нь тодорхойгүй байгаа юм.

“Пи Юу Ай” ХХК-ийн зураг төслийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл авсан баримт

Энэ талаар “Пи Юу Ай” ХХК-ийн захирал Б.Баттулга “Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборын зураг төслийг манай компани хийж гүйцэтгэсэн. Бид хууль журмын дагуу эл зураг төслийг хийсэн. Өөр асуудал байхгүй. Энэ талаарх мэдээллийг Соёлын яам мэдэж байгаа. Бид сонгон шалгаруулалтад оролцсон” гэх тайлбарыг өгөв.

32 ТЭРБУМААР БУРХНЫ ХӨШӨӨ БАРИХ ГЭЖ БУЙ ТӨСӨВТ ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХОРИГ ТАВИХ УУ

“Богд Зонхов” бурхны хөшөө бүхий цогцолборыг 32 тэрбум 490 сая 800 мянган төгрөгөөр барих гэж буй асуудал нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буй. Тиймээс ч тус төслийн төсвийн ерөнхийлөн захирагч Соёлын сайд Ч.Номин “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдсэн. Тэрбээр энэ талаар “Түүх, шашны соёлыг дэлгэрүүлэх "Богд Зонхов" цогцолборын төслийн хөрөнгө оруулалтыг цаг үеэ олоогүй гэж үзэж байгаа учраас Соёлын сайдын хувьд “Богд зонхова” цогцолборын төсөлд хөрөнгө зарцуулахгүй болохоо үүгээр мэдэгдэж байна” хэмээн мэдэгдээд буй. Түүнчлэн Сангийн сайд Б.Жавхлан “Соёлын сайд Ч.Номин эл төсөлд мөнгө зарцуулахгүй гэдгээ мэдэгдсэн. Түүнийг энэ саналаа Засгийн газарт оруулаад ирвэл төсөв хэмнэгдэж байгаа учраас таатай хүлээж авах болно” гэдгээ мөн мэдэгдсэн.

Төсөвт өртөг нэмэгдсэн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын магадлал

Анх 5,5 тэрбум төгрөгийн өртөгтэй байсан эл төслийн мөнгө барилгын материалын үнэ, ажлын объем нь нэмэгдсэн гэх хоёрхон шалтгаанаар  даруй 27 тэрбумаар нэмэгдсэн байгаа юм. Тэгвэл эл мөнгийг Барилга хот байгуулалтын яамны "Барилгын хөгжлийн төв" Төрийн өмчит үйлдвэрийн газар өсгөсөн аж. Ирэх оны төсөвт энэ мэт үр ашиггүй олон төсөл, хөтөлбөр байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хориг тавих ёстой хэмээн олон нийт үзэж, шаардаж байна.