“Давхар дээл”-тэй сайд нарыг нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Х.Баттулгын гишүүдээр өргөн бариулах уу

“Давхар дээл”-тэй сайд нарыг нэмэх Үндсэн хуулийн өөрчлөлтийг Х.Баттулгын гишүүдээр өргөн бариулах уу

Эрх баригч МАН Үндсэн хуульд өөрчлөлт оруулж Засгийн газрын бүтцээ өөрчлөх төлөвлөгөөтэй байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Зам тээврийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын дөрвөн сайдад хариуцлага тооцож, огцруулах асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд МАН-ын бүлгээс шахалт үзүүлж эхэлсэн үеэс буюу өнгөрсөн намраас энэ талаарх яриа улс төрийн хүрээнд нэлээн эрчимжсэн. Тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дээрх яриаг бататгаж “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу хийгдэх эрх зүйн шинэчлэлийн хуулиудыг ойрын хугацаанд хийх шаардлагатай” гэж мэдэгдсэн.

-ҮНДСЭН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БАЙЖ ЗАСГИЙН ГАЗАРТ “ДАВХАР ДЭЭЛ”-ТЭЙ САЙД НАРЫН ТООГ НЭМЭХ БОЛОМЖТОЙ -

Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Улс төрийн намууд иргэдийн улс төрийн боловсролд дэмжлэг үзүүлдэг, ардчилал, сонгуулийн оролцооны үнэ цэнийн талаар нийгмийг соён гэгээрүүлдэг нь ардчилал өндөр хөгжсөн улс орнуудын жишээнээс харагддаг. Цаашид сонгуулийн оролцоог дэмжих, төрийн үйл хэрэгт дуу хоолойгоо хүргэх боломжийг илүү нэмэхийн төлөө эрх зүйн шинэчлэлүүдийг хийх шаардлага бий болоод байна.

Тийм учраас бид улс төрийн намын шинэчлэл хийж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу намуудыг цаг зуурын шинжтэй популист үйл ажиллагаа явуулдаг бус, алсын хараатай улс орны хөгжлийн бодлогыг боловсруулж өрсөлддөг, нийгмийн өмнө үүрэг хариуцлага хүлээж, санхүүжилтээ ил тод тайлагнадаг бодлогын намуудыг бий болгох ёстой” гэж хэлсэн. 

-ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ХҮССЭН ШИЙДВЭРЭЭ ГАРГУУЛАХ УУ-

Энэ мэт МАН-ынхан төрөл бүрийн шалтаг тоочиж байгаад төлөвлөгөөнийхөө дагуу  Үндсэн хуулийн дагалдах хуулиудыг өөрчилж улмаар Засгийн газрын бүтцээ өөрчлөх нь. Тодруулбал, Засгийн газартаа “давхар дээл”-тэй сайд нарыг нэмэхээр голлон анхаарч байна. Өнөөдрийн хүчин төгөлдөр хэрэгжиж буй Үндсэн хуулиар Ерөнхий сайдыг оролцуулаад дөрвөөс дээш гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болохгүй. УИХ-ын дөрвөн гишүүн л Засгийн газарт давхар сайдын албан тушаал эрхлэх боломжтой юм. Энэ хэвээр байвал цаашдаа Засгийн газарт ихээхэн хохирол учруулахаар байгаа юм. Өөрөөр хэлбэл, сайд болох хүсэлтэй гишүүдийнхээ амбиыг дийлэхгүй "унах" эрсдэлтэй байгаа. 

Мөн удахгүй Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим бодлогын яамыг шинээр байгуулна. Тус хоёр яамны сайдыг УИХ-аас томилох ёстой гэх байр, суурийг гишүүд илэрхийлж, Засгийн газартаа шахалт үзүүлж буй. Тэгэхээр дээрх хоёр яамны сайдыг УИХ-аас томилохын тулд заавал Үндсэн хуулиа өөрчлөх шаардлагатай байгаа юм. Мөн Үндсэн хуульд өөрчлөлт оруулж байж л байнга хэл ам таталдаг дөрвөн сайдаа огцруулж оронд нь УИХ-ын гишүүдийн хүсээд буй хүмүүсийг томилно. Түүнээс нааш Засгийн газрын бүтэцдээ өөрчлөлт оруулахгүй гэж Ерөнхий сайд гэдийж байгаа гэх мэдээлэл байгаа. Тиймээс аль, аль талдаа шахалт байна. Дээгүүрээ ч ийм тохироог хийсэн гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлт тэр дундаа Засгийн газрын гишүүдийг “Давхар дээлтэй” болгох саналыг МАН-ынхан биш Ардчилсан намынхан УИХ-д өргөн барихаар бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, УИХ дахь Ардчилсан намын бүлэг дэхь Х.Баттулгын “гишүүд” өөрчлөлтийг өргөн барьж магадгүй аж. Энэ бол дээрээс ирэх захиалга.

Өчигдөр УИХ-ын гишүүн, “ХҮН”-ын дарга Т.Доржханд нар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэд 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн “давхар дээлтэй” холбоотой хэсэг болох 39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гомдол гаргасан. Тэгэхээр энэ нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн өмнөх бэлтгэл гэж харагдаж байна.  

Одоо МАН-ынхан 2016 оны сонгуулийн өмнө ҮХЦ-ээс дүгнэлт гаргуулаад өөрсдөө УИХ дээр хүлээж авсны дараа Үндсэн хуулиа өөрчлөх эрх зүйн орчин нь нээгдэнэ. Ийнхүү 2020 ондоо багтаан МАН-ынхан Цэцийн дүгнэлтээр Үндсэн хуулиа өөрчилж, сайд нартаа "давхар дээл" өмсгөж магадгүй байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хувьд “давхар дээл”-ийг мөн дэмжиж буй билээ.