Л.Оюун-Эрдэнэ бүх тохироогоо хийж МАН-ын дарга болох нь тодорхой болжээ

Л.Оюун-Эрдэнэ бүх тохироогоо хийж МАН-ын дарга болох нь тодорхой болжээ

МАН өнгөрсөн зургадугаар сарын 25-нд Бага хурлаа хуралдуулж Л.Оюун-Эрдэнийг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Учир нь МАН-ын дүрэмд намын даргыг намын Их хурлаас томилно гэж заасан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнэ нь Бага хурлаас сонгогдсон бөгөөд Их хурлаар батламжлахаар хүлээж байв.  Түүнийг батламжлах хурал өнгөрсөн  арваннэгдүгээр сард болох байсан ч хуралдаж чадахгүй хоёр дахь удаагаа хойшилсон.  

-МАН-ЫН ИХ ХУРАЛ ХОЁР УДАА ХОЙШИЛСНЫ ЭЦЭСТ ТОВЛОГДОВ-

Тодруулбал, Л.Оюун-Эрдэнийн зүгээс “Цар тахлын халдварын нөхцөл, байдал хүнд. Нийгмийн уур амьсгал, бухимдал ихтэй үед МАН Их хурлаа хуралдуулах нь цаг хугацааны хувьд зохимжгүй” гэж үзэж хойшлуулах саналыг намын аппаратдаа тавьсан байдаг. Түүний саналыг намынхан нь хүлээн авч Их хурал хуралдуулаагүй. Тухайн үед Л.Оюун-Эрдэнийн бодлого нам дотроо явахаа больсон, намынхны дэмжлэг өөрийнх нь хүссэн хэмжээнд биш байлаа. Мөн дээр дурьдсан 1111 төлөөлөгчийн олонх нь МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалангийн хүмүүс учир эрсдэлтэй байв. Дээрээс нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилж, АН-ын зарим гишүүдэд албан тушаал өгсөн нь  гишүүдийнх нь  дургүйцлийг хүргэсэн байдаг. Энэ мэт асуудлаас болж намын даргаар батламжлахгүй байх эрсдэлтэй, тооцоолоогүй “гал ирэх” аюултай тул хойшлуулах саналыг гаргасан гэх мэдээлэл бий.

-ТЭР БҮХ ТОХИРООГОО ХИЙЖЭЭ-

Нэг сарын өмнөх МАН-ын уур амьсгалын үнэн нь энэ билээ. Харин уржигдар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж “зоригтойгоор” АРВАНХОЁРДУГААР САРЫН 6-ны өдөр гэх товыг зарлав. Энэ нь уг өдрийн Их хурлаар Л.Оюун-Эрдэнийг томилох нь тодорхой гэх мессежийг илэрхийлж байна. Бүр тодруулбал, тэр нам доторх тохироогоо хийж чаджээ. МАН-ын дүрэмд намын дарга Ерөнхий сайдын албыг хаших ёстой гэж заасан байдаг. Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд Ерөнхий сайдын ажлаа 2024 оныг дуустал асуудалгүй гүйцэтгэх улс төрийн тохироогоо хийсэн ч намын жинхэнэ дарга болох эсэх нь “хоёр хооронд гурвын дунд” саармаг байв. Тиймээс тэрбээр энэ асуудлыг яаралтай нэг талд нь гаргахад анхаарлаа хандуулж байгаа аж. Нөгөөтэйгүүр Л.Оюун-Эрдэнийг шүүмжлэх асуудал олон ч  вакцинжуулалт, авлигатай тэмцэх үйл ажиллагаа, цахимжуулалтын /И-Монголиа/ ажлыг идэвхтэй хийж байгаа гэх дүгнэлтийг намынхан нь өгч сүүлийн үед арай эерэг болж байгаа гэх мэдээлэл байна. 




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө