Энэ сарын 10-ны өдөр БСШУСЯ-ны Ё.Баатарбилэг сайдад АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлжээ.
Учир нь АШУҮИС-ийн захиралаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа өнгөрөгч 2018 оны долдугаар сарын 10-нд халж улмаар Эрүүл мэндийн дэд сайд асан Ц.Цолмонг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон байдаг.
Харин дээрх шийдвэрийг эсэргүүцэж анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар үндэслэлгүйгээр ажлаас халсан гэх шатгаанаар шүүхэд гомдол гаргасан. Энэ дагуу АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатартай холбогдох шүүх хурал гурван шатны шүүхээр буюу анхан, давах, дээд шүүхээр үндэслэлгүй халсан нь 2019 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр эцэслэн тогтоогдсон байна. Мөн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс гаргасан Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эргүүлэн томилох шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан байгаа юм.
Гэсэн ч анагаах ухааны доктор, профессор Г.Батбаатар АШУҮИС-ийн захирлын үүрэгт ажилд нь эргүүлэн томилоогүй өдийг хүрсэн тул ийнхүү Ё.Баатарбилэг сайдад хандан тус сургуулийн багш нар албан бичиг хүргүүлжээ.
Тус албан бичигт дурьдахдаа:
Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа
2019 оны 9 сарын 10-ны өдөр
Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.
Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.
Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.
Гүнээ хүндэтгэсэн:
АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
Монгол Улсын Ардын эмч,
Анагаах ухааны доктор, профессор Д.Малчинхүү
Монгол Улсын Ардын эмч,
Анагаах ухааны доктор, профессор Ж.Баасанхүү
АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
Монгол улсын Гавьяат багш,
Биологийн ухааны доктор, профессор И.Пүрэвдорж
Анагаах ухааны доктор, профессор С.Цогтсайхан
Анагаах ухааны доктор, профессор Ж.Сарантуяа