Монгол улсын Засгийн газраас 2019 онд хэрэгжүүлж байгаа хүүхэд хамгааллын жил болгон заралсантай холбогдуулан олон ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлсээр байгаа билээ. Энэ хүрээнд санаачлан хэрэгжүүлсэн нэг бүтээлч ажил бол өнөөдөр биелэлээ олж “Гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхэдтэй зүй бус харьцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлэх” зорилготой явуулын автобусны нээлтийг хийлээ. Уг явуулын автобус нь ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлэх бөгөөд 2 цагийн турш шуурхай очиж ажиллах аж.
Ингэхдээ хүүхэд хамгааллын урьдчилан сэргийлэх үйлчилгээг мэргэжлийн баг хөдөлгөөнт хэлбэрээр газар дээр нь шуурхай үзүүлэх, зөвлөн туслах зорилготой энэхүү автобустай үйлчилгээг Улаанбаатар хотод төдийгүй 21 аймагт нэгэн зэрэг бий болгож байгаагаараа ач холбогдолтой юм.
ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЯВУУЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ нь хүүхэд, иргэд, олон нийтийг хүүхэд хамгааллын талаар мэдлэгжүүлэх, нийгмийн сэтгэл зүйд хүүхдийн эсрэг хүчирхийллийг эсэргүүцэх хандлага төлөвшүүлэх, зөрчил мэдээллийг хүлээн авч, газар дээр нь шуурхай шийдвэрлэх, хуулиар хүүхдийн эрхийг хангах үүрэг хүлээгчдийг ажлын байранд нь чадавхжуулах, зөвлөн туслах, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах үйлчилгээнд холбон зуучлах, хяналт тавих, хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулж болзошгүй орчны аюулгүй байдалд хяналт тавих зэрэг үйл ажиллагааг газар дээр нь очиж, түргэн шуурхай шийдвэрлэх төрийн үйлчилгээний нэг хэсэг юм.
Хүүхэд хамгааллын нэртэй энэхүү автобус хаана очиж зогсоно, тэр газар “хүүхэд хамгааллын цэг” болох юм шүү. Автобус дотор хүүхэд өсвөр үеийнхэн, эцэг эхчүүд, залуу хосуудад тулгамдсан асуудлаар мэдээлэл өгөх самбар, ном гарын авлага, сэтгэл зүйн болон хууль эрх зүйн анхан шатны зөвлөгөө өгөх өрөө тасалгаа, хүүхэд хамгааллын зөрчлийг даруй бүртгэж, нэгдсэн системд оруулах эрсдлийн программ, тоглоомын булан, номын сан гээд байхгүй юм байхгүй. Эцэг эхчүүд, хүүхдүүд гэр бүл, хүүхдийн эрх хамгаалал, нөхөн үржихүйн асуудал, нийгэмд тулгамдаж байгаа сөрөг үзэгдлүүдийн, сайн сайхан замд орох учир шалтгаан, танин мэдэхүйн шинжтэй сургалт, мэдээллүүдийг явуулын үйлчилгээнээс авч болно.
Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дэмжлэгтэйгээр Хөөрхөн зүрхнүүдийн аян ТББ үзүүлэх юм.