Цахим хөгжил, харилцааны сайдад Н.Учрал яригдаж бол, Эдийн засгийн хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өрсөлдөж байна

Цахим хөгжил, харилцааны сайдад Н.Учрал яригдаж бол, Эдийн засгийн хөгжлийн сайдад Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар өрсөлдөж байна

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа нар Засгийн газарт дөрвөөс дээш УИХ-ын гишүүн ажиллахыг хориглоно гэх Үндсэн хуулийн заалтыг өөрчилж 100 хувь “давхар дээл”-тэй сайд нараас бүрдүүлэх шаардлагатай гэх агуулгаар Үндсэн хуулийн цэцэд хандсан. Цэц маргааныг үүсгэсэн бөгөөд ирэх даваа гаригт Дунд суудлын хурлаараараа дээрх асуудлыг хэлэлцэх юм.

Энэ бол Женко Х.Баттулгын хүмүүсээр хийлгэж буй Л.Оюун-Эрдэнийн захиалга. Цэцээс санал гарсаны дараа тэрбээр үүнийг далимдуулж өөрийнх нь хөлд тушаа болж ирсэн, сул сайд нараасаа салах төлөвлөгөөтэй байгаа. Цэцийн саналаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж улмаар Засгийн газрын "дан дээлтэй" сайд нараа "давхар дээлтэй"-гээр солих явц удахгүй идэвхжиж хаврын чуулгандаа багтаа шийднэ гэж буй. Засгийн газар 14 яам болон Шадар сайд, Хэрэг эрхлэхийг оруулаад 16 сайдтай. Үүн дээр нэмж Эдийн засгийн хөгжлийн яам, Цахим хөгжил, харилцаа холбооны яам хоёрыг 2022 он гарангуут байгуулна. Төсөв, хөрөнгө нь ч тус он гарангуут зарцуулагдахаар хийгдсэн. 

Шинээр байгуулах хоёр яамны сайдаар "давхар дээлтэй" буюу УИХ-ын гишүүнийг томилно гэх мэдээлэл бий. 

Тиймээс ч сургаар нь олон хүн амбицлаж хөшигний ард хөөцөлдөлгөө хийж буй гэх. 

-ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦААНЫ САЙДАД Н.УЧРАЛЫГ ХАМГИЙН ТОХИРОХ ХУВИЛБАР ГЭЖЭЭ-

Тус яамны сайдад хамгийн сайн тохирох хувилбарыг Н.Учрал гэж МАН-ынхан дотооддоо ярьж байна. Учир нь инновац, цахим хөгжлийн асуудлаарх бодлогын судалгаа түүнтэй холбоотой хуулийн төслийн боловсруулалт зэрэгт Н.Учрал сүүлийн жилүүдэд яг тогтож ажиллан мэргэшсэн. Тус салбарын хөгжлийн гарц, гаргалгааны төлөвлөгөө ч түүнд бий. Хамгийн сүүлд гэхэд тус салбарын Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэгдэх шатанд ажлын хэсэг ахалж ажиллан батлуулсан.  УИХ-аас Инновац, цахим бодлогын байнгын хороог 2020 онд шинээр байгуулуулж даргаар нь Н.Учралыг томилсон бөгөөд өнөөдрийг хүртэл ажиллахдаа энэ салбарын олон хуулийг УИХ-ын босгыг давуулж, үндсэн концепцыг гаргаж байгаа нэгэн юм.

-ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН ЯАМАНД УИХ-ЫН ТУРШЛАГАТАЙ ГИШҮҮД ӨРСӨЛДӨЖ БАЙНА-

Өнгөрсөн аравдугаар сард Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэх шатанд Эдийн засгийн хөгжлийн сайдаар туршлагатай, зангарагтай нэгнийг томилох шаардлагатай гэж УИХ-ын гишүүд шахаж, шаардаж байв. Ерөөс олон удаа сонгогдсон "давхар дээл"-тэй нэгнийг томил гэж ил хэлсэн. 

Шаардлага нь ч тийм. Учир нь тус яаманд эдийн засгийн хөгжлийн төлөвлөлт, бодлого, томоохон төсөл хөтөлбөрүүд зангигдана. Тиймээс ч лоббинд ороод байдаггүй, гишүүдийн үгээр ажилладаггүй, өөрийн бодлого, байр, сууриа бат хамгаалдаг хүн хэрэгтэй. Одоогоор Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар болон Б.Чойжилсүрэн нарын нэр яригдаж байна. Гэхдээ Ч.Хүрэлбаатарыг саяхан сайдаас буусан тул нэг удаадаа өнжүүлэх бодлого баримталж буй гэх мэдээлэл байна.

Харин сул сайд нарыг явуулаад оронд нь Батлан хамгаалахын сайдад Л.Мөнхбаатар, Ш.Раднаасэд, Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайдад М.Оюунчимэг, Байгаль орчны сайдад Б.Саранчимэг, Уул уурхайн сайдаар Г.Тэмүүлэн нар томилогдож магадгүй гэх прогноз одоохондоо байна. Бусад яамдын сайд нар удахгүй тодорхой болно. Юу үнэн, МАН-ын толгойтой бүхэн сайдад горилж буй нь үнэн. Зарим нь одоо ажиллаж буй хэдийгээ захиалга өгч доромжлуулаад эхэлсэн. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёроос дээш УИХ-д сонгогдсон туршлагатай гишүүдээ танхимдаа ажиллуулна гэсэн гэх мэдээлэл байна