Ё.Баатарбилэг: Судалгаа, ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу

Ё.Баатарбилэг: Судалгаа, ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг хэлэлцэж байна.

Төслийн талаар Сангийн сайд Б.Жавхлан: Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банкны 100 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн хэрэгжүүлэхээр тохирч, зээлийн хэлэлцээрт 2021 оны наймдугаар сард гарын үсэг зурсан. Энэ төсөл нь гудамж зам, нийтийн тээврийн шинэчлэл, зам тээврийн үр ашигтай төлөвлөлт, удирдлага, ТЭЗҮ, судалгааны ажил гэсэн бүрэлдэхүүнтэй бөгөөд 2021-2024 онд НЗДТГ хэрэгжүүлнэ. 

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: 100 сая ам.долларын эргэн төлөлтийг улсын төсвөөс төлөх үү, нийслэл төлөх үү. Нийслэлд 420 тэрбум төгрөг шийдэж өгсөн. Дахиад 100 сая ам.доллар буюу 300-аад тэрбум төгрөг яригдаж байна. Өмнөх 420 тэрбум төгрөгөөр юу хийхээ төлөвлөсөн үү. 20-30 км замыг засаж сайжруулах, өргөтгөхөд 81 сая ам.доллароор төгрөг зарцуулах юм байна.

Төсөвт өртөг нь яасан ч мундаг том юм. Нийтийн тээврийн шинэчлэлд 9 тэрбум төгрөг тавьчихаад бодитой юм алга, автобусны буудлыг засна гэж байна. Тэгээд замын зураг төсөл, ТЭЗҮ боловсруулахад 10 сая ам.доллар. Өмнө нь замын тооцоо судалгаа хийж, ТЭЗҮ-ийг нь боловсруулсан бэлэн байдаггүй юм уу. Дахиад л мөнгө зарцуулж, цаас үйлдвэрлэх юм биш үү. Энэ улс оронд тийм боломж байгаа юм уу, эсвэл нийслэлийн төсөв тэгж халгиж цалгиад байгаа юм уу. Судалгаа, ТЭЗҮ гэж мөнгө цавчдагаа одоо болихгүй юм уу. 100 сая ам.долларын зээл зайлшгүй чухал уу. 420 тэрбум төгрөгөөр ажлаа эхлээгүй байгаа шүү дээ.