"Хотын санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд бонд босгох зайлшгүй шаардлагатай. Одоо байгаа 100 сая доллар, 420 тэрбум төгрөг хаана ч хүрэхгүй"

"Хотын санхүүгийн эх үүсвэрийг шийдэхийн тулд бонд босгох зайлшгүй шаардлагатай. Одоо байгаа 100 сая доллар, 420 тэрбум төгрөг хаана ч хүрэхгүй"

УИХ-ын чуулганы Пүрэв гараг/2021.12.23/-ийн нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон ажлын хэсэг замын түгжрэлийн асуудлаар мэдээлэл өгөв.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар “248 км дугуйн замыг 2024 он хүртэл хийнэ. Мөн явган хүний зам ч энэ хэмжээгээр хийгдэнэ тооцож байна. Цаашдаа явган хүн алхах, дугайгаар иргэд зорчиход ээлтэй байх ёстой гэдэг бодлогыг бид барьж байна. Хотын санхүүгийн эх үүсвэрийн хувьд бонд босгох зайлшгүй шаардлагатай байна. Мөн Нийслэлийг хөгжүүлэх сан буюу Сангийн зохицуулалтыг ашиглахаас өөр аргагүй. Гуравдугаарт, концесс хот руу хуулиараа ирж байгаа. Бизнес, орон сууц, тээвэр ложистик гэх мэт эргэн төлөгдөх чадамж сайтай моделууд дээр бондоо гаргах ёстой.

Гаднын байгууллагууд концессоор хотын бүтээн байгуулалтад оролцъё гэж байгаа ч эргэн төлөгдөх санхүүгийн загвар дээр нь асуултууд ирээд байна. Цаашдаа Улаанбаатар хотыг дижитал, орчин үеийн шийдэл бүхий хот болгохын тулд томоохон хэмжээний хөрөнгө мөнгө босгох зайлшгүй шаардлага байна. Одоо байгаа 100 сая доллар, 420 тэрбум төгрөгөөр бид тэнгэрийн мэт зүйл хийж яагаад ч амжихгүй” гэв.

Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нийслэлийн замын түгжрэлийн талаар судалгаа хийсэн эсэх асуудлаар асуулт тавилаа. Улаанбаатар хотын ажлын хэсгээс дараах хариултыг өгөв. “Өнгөрсөн хугацаанд хотын удирдлага болон түүний баг авто замын түгжрэлтэй холбоотой хөдөлгөөний зорчилтын судалгааг хийсэн. Харамсалтай нь өнөөдөр тодорхой тоон үзүүлэлтээр гарахгүй байгаа юм. Бидний өмнө нь хийсэн судалгаагаар одоогийн оргил цагийн ачаалал дээр 6-8 км цагийн хурдтай явж байгаа юм. Төвийн 28 сургууль дээр 2,5 км замд 40-48 минут зарцуулж байна гэсэн тооцоо байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: