УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Н.Ганибал нар УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж болох “давхар дээл”-ийн асуудлаар Цэцэд хандсан бөгөөд маргаан үүсгэж энэ сарын 27-нд буюу ирэх даваа гаригт дунд суудлын хуралдаанаар хэлэлцэхээр болсон. Тодруулбал, 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэж өөрчлөн найруулсан нь Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх юм.
Хэрвээ Цэцийн дунд суудлын хуралдаан дээрх заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзэн дүгнэлт гаргавал Цэцийн дүгнэлтийг УИХ хэлэлцэх юм. Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авбал, Үндсэн хуульд өөрчлөлт оруулж дээрх заалтыг өөрчилнө.
Тэгвэл уг асуудлаар Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Н.Энхболд гишүүн оролцохоор болжээ. УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь УИХ-ын баталсан хуулиа хамгаалж, Үндсэн хууль зөрчөөгүй гэдгийг нотлох үүрэгтэйгээр хуралдаанд оролцдог юм.