УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нарын 17 хүнийг Ковидын хууль ашиглаж агентлагийн даргаар ШАЛГАЛТГҮЙ томилжээ

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан нарын 17 хүнийг Ковидын хууль ашиглаж агентлагийн даргаар ШАЛГАЛТГҮЙ томилжээ

Ковидын хуулийг ашиглаж, “ямар нэг шалгалт авахгүй”-ээр нийт 1036 хүнийг төрийн албан тушаалд томилсон бол, тэндий 500 гаруй нь хуулийн дагуу шалгалт өгч жинхлээд байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Учир нь “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан. Энэхүү заалтаар төрийн удирдах албан тушаалд томилогдсон албан тушаалтнуудын мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж байна. Ковидын хуулиар Засгийн газрын түвшинд Төрийн нарийн бичгийн дарга гурав, агентлагийн дарга 17, яам агентлагийн 71 хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн түр томилсон байдаг.

ТОДРУУЛБАЛ,

1. Газар зохион байгуулалт геодези зураг зүйн газрын дарга А.Энх-Амгаланг Ковидын хуулийг ашиглаж шалгалтгүй томилжээ

Засгийн газрын 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын Түр орлон гүйцэтгэгчээр А.Энхманлайг томилсон. А.Энхманлай нь Баянзүрх дүүргийн газрын албаны дарга, 2003-2004 оны хооронд Нийслэлийн газрын албаны кадастрын хэлтэст газар зохион байгуулагчаар ажилд орж байсан нэгэн юм.

2. Жижиг дунд, үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан

Засгийн газрын наймдугаар сарын 12-ны хуралдаанаар шинээр байгуулсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын даргаар Я.Эрдэнэсайханыг томилсон.  Я.Эрдэнэсайхан нь 2018 оноос хойш ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. 

3. Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан

Засгийн газрын 2021 оны аравдугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар Оюуны өмчийн газрын даргаар Г.Элбэгсайханыг томилжээ. Түүний хувьд өмнө нь ХЗДХЯ-ны дэд сайдаар ажиллаж байсан юм. Г.Элбэгсайхан нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. 1994 онд нийслэлийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургууль, 2006 онд Английн Эксетерийн их сургуулийг тус тус төгссөн. Англи, орос хэлний мэдлэгтэй. 1998-2001 онд “Балко” ХХК-д хуулийн зөвлөх, 2001-2012 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд мэргэжилтэн, газрын дарга, 2012 онд Гадаадын иргэн, харьяатын газрын дэд дарга, 2013-2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хэлтсийн дарга, газрын дарга, дэд даргаар ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд даргаар ажиллаж, төрийн албанд тэрдундаа хууль эрхзүйн салбарт  тасралтгүй 18 жил ажилласан туршлагатай нэгэн аж.

4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан

Засгийн газрын наймдугаар сарын 5-ны өдрийн ээлжит хуралдаанаар Д.Дэлгэрсайханыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар томилжээ. Тэрбээр Монгол Улсын Техникийн Их Сургуулийг 1997 онд бакалавр, 1999 онд магистр, 2011 онд докторантаар тус тус төгссөн, компьютерийн программ хангамжийн мэргэжилтэй ба Улсын бүртгэлийн ерөнхий газрын дэд даргаар 2016 оноос хойш ажилласан байна.

5. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн

Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргаар Л.Бямбасүрэнг томилов. Л.Бямбасүрэн нь хүүхдийн их эмч мэргэжилтэй, нийгмийн эрүүл мэндийн магистр, орос, англи хэлний мэдлэгтэй. 1982-1984 онд Арьс өнгөний эмгэг судлалын нэгдсэн төвд асрагч, 1991-1996 онд Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн зөвлөх төвд хүний их эмч, 1996-1997 онд Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч, 1997-2003 онд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн хяналтын албанд хүнсний эрүүл ахуйч, улсын байцаагч, 2003-2006 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хэлтсийн дарга, 2006-2008 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт дэд дарга, 2008-2012 онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга, 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2016-2020 онд Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан.

 

Үргэлжлэл бий