Д.Ганбат: Цар тахлын хуулиар хөл хорио тогтоох болвол өрх бүрт нэг сая төгрөг өгөх ёстой

Д.Ганбат: Цар тахлын хуулиар хөл хорио тогтоох болвол өрх бүрт нэг сая төгрөг өгөх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Энэ удаагийн хуралдаанаар Оюутолгойн ордоос Монгол Улсын хүртэх хувь хэмжээг хангуулах, Ковидын хуульд өөрчлөлт оруулах, жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулийн талаар хэлэлцлээ. 

Ардчилсан нам Оюутолгойн орд монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх ёстой гэсэн байр суурьтай  байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хувьд Оюутолгойн хувь 33 хувиас илүүгүй байх ёстой гэж үзэж байна. 

Ковидын хуулийг сунгах гэж байна. Цар тахлын хуулиар ахин хөл хорио тогтоовол иргэд, аж ахуйн нэгжүүд хүндээр хүлээж авна. Тиймээс хэрэв хөл хорио тогтоох болвол өрх бүрт нэг сая төгрөг өгөх ёстой гэж үзэж байгаа. 

Монгол Улсын Үндсэн хуульд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй байдаг. Үүнийг Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуулиар зөрчиж байна. Иргэдийн тавьсан саналын дагуу бид УИХ-ын чуулган дээр сонсгол зохион байгуулах санал гаргасан. Энэ саналыг дэмжин 37 гишүүн гарын үсэг зурсан байна. Өнгөрсөн хугацаанд арванхоёрдугаар сарын 30-нд энэхүү сонсголын Хууль зүйн байнгын хороонд явуулах санал гараад дэмжигдсэн. Үүнд УИХ дахь АН-ын бүлэг санал нийлэхгүй байна. Шинэ жилийн баярын уур амьсгал орсон нөхцөлд яриад өнгөрсөн нэр төдий зүйл болох гээд байна. Тийм учраас энэхүү сонсголыг хойшлуулан он гаргаад ярилцах санал гаргасан ч дэмжигдээгүй" гэв.