МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлч, тоймч Ж.Алтангэрэл Төрийн тэргүүнээс Соёлын гавьяат зүтгэлтэн цолоо авсны дараа мэргэжил нэгт парламентын сэтгүүлчид түүнийг угтан авч, баяр хүргэлээ.
Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч Ж.Алтангэрэл баярын сэтгэгдлээ хуваалцлаа. Тэрбээр, "Миний хүй цөглөж төрж, өсөж өндийсөн нутаг арын сайхан хангай Архангай аймгийн Өлзийт сум юм. Нутаг ус, нутгийн зон олон минь намайг үргэлж түшиж явдаг гэж боддог, залбирдаг. Нутаг миний амьдралын эхлэл юм. Үхэрдар гэж Монголд ховорхон нэртэй миний ах намайг Монголын радио гэдэг том айлын босгоор алхуулсан нь миний сэтгүүлчийн амьдралын эхлэл юм.
МҮОНРТ-ийн үе үеийн хамт олон, уран бүтээлчдийн халуун сэтгэл, дэмжлэг, миний сайхан ханийн түшиг тулгуур, гудамжинд зөрөөд өнгөрөхдөө мэндэлдэг, урмын үг хайрладаг жирийн үзэгчийн тэр сайхан хандлага бол надад сэтгүүл зүйн амьдралд зүг чигээ олох зам мөрийг минь зааж байдаг юм аа.
Монгол хэмээх туурга тусгаар улс байгаа цагт МҮОНРТ-ийн алтан цамхаг өөдөө байна гэдэгт би эргэлздэггүй. МҮОНРТ бол Монгол Улсын түүх юм. Энэ түүх тасрах ёсгүй. Миний хувьд ардчилсан Монгол Улсад байгуулагдсан найман удаагийн Их хурлын их долоод нь сэтгүүлчээр ажиллаж байна. Парламентын үе үеийн сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчид бол төрийн түүхийг бүтээгчид гэж боддог. Бидний үзэгний үзүүр хөдөлж, алтан микрофон асах бүрийд Монгол төрийн түүх бичигдэж байдаг. Сэтгүүлзүй зөв орших үед, зөв байх мөч бүхэнд эрүүл төр тогтдог, эрүүл зөв нийгэм оршдог гэж би боддог. Монголын сэтгүүлзүйн өмнө би мэхийе. Нэгэн үеийн парламентын сэтгүүлчдийг төлөөлүүлж өчүүхэн надад цолоо хайрласан төр, түмэн танаа мэхийн мөргөе өө" гэв.