Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах Тасганы овоо дээр “Богд Зонхов” бурхны хөшөөг 32 тэрбум төгрөгийн өртөгтэй барих шийдвэрийг УИХ гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тус бурханы хөшөөг Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар, Г.Занданшатар нар бариулахаар УИХ-д оруулж, төсвийг батлуулсан байдаг.
Төсөвт өртөг нь даруй 27 тэрбумаар нэмэгдсэн хөшөөг төсвийн мөнгөөр барих нь зохисгүй болохыг ч олон нийт эсэргүүцэж, төсвийн ерөнхийлөн захирагч Соёлын сайд Ч.Номин төсвийг эргүүлэн татан санал гаргаад байгаа.
Тэгвэл тус хөшөөг барих саналыг анх гаргасан УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр Шинэ сэргэлтийн бодлогыг хэлэлцэх явцад "Соёлын яам, Аялал жуулчлалын яам "Богд Зонхов" цогцолбор бол хийх ёстой ажил чинь шүү дээ. Жуулчид чинь ирээд юу үзэх юм бэ. Тэгээд хэдэн саяар нь жуулчид авч ирнэ гэж та нар яриад байх юм. Төсөв дээр санал оруулсан гишүүний хувьд хэлэх ёстой гэж бодлоо.
Ямар хулгай, зэлгий хийсэн биш хийх ёстой ажлаасаа юундаа хулгаад байгаа юм бэ. Эхлээд 5.5 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэ бол төслийн зураг төсөл хийгээд баримжаа авах л хэмжээ. Богд Зонхова төсөл 5, 6 хэсэгтэй. Ганданг хөгжүүлэх цогц төслийн нэг хэсэг юм байна лээ. Үүнийг хийх ёстой. Аялал жуулчлалыг яаж хөгжүүлэх ёстой юм бэ гээд байна.
Жуулчид ирээд соёл, үнэт зүйл, шашинг үзэх ёстой юм. Яамд өмнөх өмнөх ажлаа хий. Энэ төслийг явах ёстой гэж ойлгодог. Өнөөдөр энэ төр чинь иргэдээ аюулгүй амьдруулах үүрэгтэй. Гэтэл иргэдийн байнга очих Тасганы овоо баас, шээс, хогонд дарагдсан байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол нь дээд цэгтээ тулчихаад байна. Соёлоо хамгаална шүү Соёлын сайд аа" хэмээлээ. Харин түүнийг ийнхүү тус хөшөөг төсвийн мөнгөөр барихаар улайрч байгаагийн шалтгаан юу байв гэх хардлагыг төрүүлж эхлээд байна.