“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ татан буугдаж, төслийг Б.Одсүрэн хариуцан ажиллахаар болжээ

“Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ татан буугдаж, төслийг Б.Одсүрэн хариуцан ажиллахаар болжээ

УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн Засаг даргын албан тушаалыг хашиж байхдаа Улаанбаатарын хотын автозамын түгжрэлийг бууруулах хүрээнд Агаарын дүүжин тээвэр нэвтрүүлэх санаачилга гаргасан.

Улмаар 2020 оны долдугаар сарын 31-ний өдрийн НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар/ОНӨТҮГ/ байгуулсан. Үүнээс хойш жил бүр Агаарын дүүжин тээвэр төсөлд нийслэлийн төсөвт мөнгө суулгадаг жишиг тогтсон гэж хэлж болно. Тодруулбал, “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа”-нд зориулж

  • 2021 онд 414.3 сая төгрөг
  • 2022 онд 498 сая гаруй төгрөг Нийслэлийн төсөвт суулгасан байдаг.

Гэвч өнгөрсөн долоо хоногт болсон/2021.12.30/ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ-ыг татан буулгах шийдвэр гарав. Тэгвэл ОНӨТҮГ-ыг татан буулгаснаар дүүжин тээврийн ажлыг хэн хариуцах вэ гэдэг асуулт үлдэж байна.

Энэ талаар бид эх сурвалжаас тодруулахад “Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа” ОНӨТҮГ татан буугдаж, төслийг Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнгийн бүтцэд шилжүүлсэн” гэв.  Өөрөөр хэлбэл, цаашид дүүжин тээврийн асуудлыг Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн хариуцан ажиллахаар болж байгаа аж.

Сонирхуулахад, Улаанбаатар хотод 2020 он гэхэд “Тусгай замын автобус буюу BRT /Bus Rapid Transit/” явж эхлэх байв. Уг ажлыг Азийн хөгжлийн банкнаас 247 сая ам доллараар санхүүжүүлэхээр болсон боловч тухайн үеийн хотын удирдлагууд энэ ажлыг гацааж, санхүүжилтийг царцааж орхисон гэдэг. Харин сүүлд энэхүү санхүүжилтийн 247 сая ам.долларыг “Агаарын дүүжин тээвэр” гэх төсөл рүү татах гэж оролдсон талаар эх сурвалжууд мэдээлдэг.