Шинэ он солигдох мөчид Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нийт иргэдэд хандаж, “Шинэ оны мэндчилгээ” хүргэж, үг хэлсэн.
Тухайлбал, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарын мэндчилгээний утга санаа тун адилхан байсан бол, УИХ-ын дарга Г.Занданшатарын мэндчилгээ тэднээс тэс өөр байсан гэж хэлж болно. Тодруулбал, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар “цэрэг, цагдаа, эмч, сувилагч, онцгой байдал”-ын алба хаагчдад тусгайлан мэндчилгээ хүргэж, Оюутолгой төслийн талаар ч нэг утгатай үг хэлсэн. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “хүний эрх”-ийн талаар мэндчилгээндээ түлхүү оруулсан нь олны талархлыг хүлээсэн гэж болно.
Харин тэдний мэндчилгээнд “цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэл” гэсэн санаа нэг ижил орсон байв. Сонирхуулахад, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шинэ жилийн мэндчилгээндээ, “Цар тахал” гэсэн үгийг гурван удаа хэлсэн бол, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Цар тахал” гэх үгийг бусдаасаа хамгийн их буюу долоон удаа хэлжээ. Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Ковид-19 цар тахал” гэж тав удаа хэлсэн байна.