Өнгөрсөн онд 13 настай монгол охин бусдын хүчирхийлэлд өртөж БНСУ-д дөрвөн солонгос охинд зургаан цаг гаруй хугацаанд зодуулсан хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 2021 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа Консул Ц.Өнөрзаяа нарт хариуцлага тооцон, эгүүлэн татах саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн. Ерөнхийлөгчийн хувьд Элчин сайдуудыг томилох, эргүүлэн татах бүрэн эрхтэй.
Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Н.Эрдэнэтуяаг эгүүлэн татах зарлигийг гаргасан эсэх талаар Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад "Одоогоор зарлигийг гаргаагүй байгаа. Ерөнхийлөгч зарлиг гаргавал шууд эргүүлэн татагдсанд тооцогдоно. Харин консулыг Гадаад харилцааны сайдын тушаалаар эргүүлж татдаг" гэлээ.
13 настай охины хэрэгтэй холбоотойгоор монголчууд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг шаардаж, БНСУ-ын Ерөнхийлөгчид хандан хүсэлт гаргаж, санал цуглуулсан. Иргэдээс ирүүлсэн санал 200 мянга хүрвэл БНСУ-ын Ерөнхийлөгч хэргийг анхааралдаа, авч хэлэлцдэг. Үүний дагуу санал өгсөн хүний тоо 200 мянгаас давсан тул БНСУ-ын Ерөнхийлөгч өргөдлийг хүлээн аваад байгаа юм.