Казахстанд байгаа Монгол иргэдийн эрх хөндөгдөж байгаа эсэхэд элчин сайдын яам ажиллах шаардлагатай байна

Казахстанд байгаа Монгол иргэдийн эрх хөндөгдөж байгаа эсэхэд элчин сайдын яам ажиллах шаардлагатай байна

Өнөөдөр/2022.01.10/ УИХ дахь МАН-ын бүлэг хуралдсан. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар хоёр асуудлыг хэлэлцсэн байна. 

  • Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцсэн Засгийн газраас өргөн барьсан Холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 
  • Хоёрдугаарт, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Өнөөдрийн бүлгийн хуралд мөн МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож хоёр чиглэлээр мэдээлэл хийсэн. 

Улмаар гадаад нөхцөл байдлын талаар, ялангуяа хоёр хөрш болон Бүгд найрамдах Казахстан улсын талаар, тэнд байгаа манай улсын иргэдийн асуудлаар мэдээлэл хийсэн. Казахстанд байгаа манай улсын иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа эсэх асуудлаар манай элчин сайдын яамд, консулын байгууллагаас анхаарч ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа. Дотоод нөхцөл байдалтай холбоотой нэлээн олон асуудал байна.

Тухайлбал, үнийн өсөлт нэлээн их явагдаж байна, инфляц өсөж байна. Тэтгэвэр тэтгэмжийн асуудал байна. Энэ чиглэлээр Засгийн газар тодорхой хэмжээний судалгаа тооцоо хийгээд ажиллаж байна. Хил гааль хаагдсан, үүнтэй холбоотой хил гаалийг үргэлжлүүлж ажиллуулах, бараа бүтээгдэхүүнийг хомстол үүсгэхгүй байх асуудалд онцгой анхаарах шаардлага байна” гэв.