“Хойд Солонгост сургууль төгссөн” гэх шалтгаанаар элчин сайд Н.Эрдэнэтуяатай БНСУ-ын тал хамтран ажиллахгүй байна уу

“Хойд Солонгост сургууль төгссөн” гэх шалтгаанаар элчин сайд Н.Эрдэнэтуяатай БНСУ-ын тал хамтран ажиллахгүй байна уу

Өнгөрсөн 12 дугаар сар /2021.12/-д БНСУ-д “13 настай Монгол охин сургуулийнхаа дөрвөн сурагчид олон цагийн турш зодуулж, хүчирхийлэлд өртсөн” гэх хэргийн бичлэг олон нийтэд цацагдсан.

Улмаар энэхүү асуудалтай холбогдуулж тус улсад Монгол Улсаас суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяа болон Пусан хотод суугаа консул Ц.Өнөрзаяа нар хариуцлагагүй ажилласан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шаардлагатай гэсэн асуудлыг зарим иргэд дэвшүүлсэн.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяа эргүүлэн татах шийдвэрийг, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэдэгдсэн гэх мэдээлэл ч гарсан. Мөн консул Ц.Өнөрзаяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болсон гэж байв. Гэсэн ч өнөөдрийн хүртэл тэд төрийн ажлаа хийсээр байгаа юм.

Нөгөөтээгүүр, “БНСУ-ын тал манай улсаас суугаа элчин сайд Н.Эрдэнэтуяатай төдийлөн хамтран ажилладаггүй гэх хардлага”-ыг зарим эх сурвалж хэлж байгаа юм. Үүний шалтгаан нь  Н.Эрдэнэтуяа нь Хойд солонгос /БНАСАУ/-ын Ким Ир Сений их сургуулийг төгссөн. Иймд Хойд Солонгост сургууль төгссөн хүнийг БНСУ-руу элчин сайдаар илгээсэн явдалд тус улсын тал “тийм ч таатай хандахгүй” байж болзошгүй гэсэн хардлага байгаа аж.  

Сонирхуулахад, Н.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч Х.Баттулгын үед БНСУ-д суух элчин сайдаар томилогдсон байдаг. Тэрээр 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг тус тус төгссөн. Солонгос орон, хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй нэгэн юм.