ТОДРУУЛГА: Замын-Үүдэд жолооч нар ӨНӨӨДӨР жагсана

ТОДРУУЛГА: Замын-Үүдэд жолооч нар ӨНӨӨДӨР жагсана

Замын-Үүд боомтын гаалийн хяналтын бүсэд өнөөдрөөс эхлэн онц дэглэм тогтоогоод байна. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн юм. 

Нэг зуун хүн 14 хоногт ажиллаж тусгаарлагдаад, дараагийн 14 хоногт дахин зуун хүн ажиллах байдлаар зохицуулна гэж албаныхан мэдэгдээл буй. Тээврийн чингэлэг зөөх том оврын тавцантай, тавцан түгжигчтэй автомашинуудыг түрээслэх, тэдгээр хүмүүсийг вакуумжуулж байрлуулах, нааш цааш зөөх тээврийн шатахууны тодорхой зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргаж буй талаар Хууль зүй, дотоор хэргийн сайд Х.Нямбаатар онцлон ярьсан.

Харин үүнийг ачаа тээврийн жолооч нар эсэргүүцэж өнөөдөр /2022.01.11/ Замын-Үүд суманд жагсаал хийхээр болсон байна. 

Тэдний төлөөлөл мэдэгдэхдээ, “Засгийн газар хувийн компанитай тохиролцсон юм уу, хаашаа юм. Урьд өмнө нь зүгээр явж байсан тээврийг зогсоочихлоо. Одоогоор нэг куб ачааны хөлс гэхэд 3000 юань хүрснээс болж жолооч бид үнэ хөөргөж, өсгөөд байгаа мэт буруу ойлголт үүсээд байна. Энэ биднээс хамаарах зүйл огт биш. БНХАУ-ын иргэд болон Өвөр Монголчууд үнэ тогтоодог. Засгийн газар, төр оролцож байгаад ачааны үнийг албаар өсгөж байна учир нь “Үндэсний тээврийн корпорац” гэж гарч, ирснээс хойш тээвэр зохицуулалтыг хийнэ гэж бусниулсан. Нийт 7000 тээврийн жолооч байна. бүгдийн ар гэр, үр хүүхэд гээд 20 мянга гаруй иргэний эрх ашиг зөрчигдөж байна” гэсэн юм. 

Энэ талаар бид эргэн мэдээлнэ.