Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ДЭД сайдаар томилохоор болжээ

Б.Болор-Эрдэнийг Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ДЭД сайдаар томилохоор болжээ

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн /2022.01.06/ Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шинэ яамд буюу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц, орон тоог баталснаас гадна сайд болон төрийн нарийн бичгийн даргыг томилсон. 

Ингэхдээ Л.Энх-Амгалан, Б.Жавхланг сайдаар, Ж.Батжаргал, Б.Болор-Эрдэнэ нарыг төрийн нарийн бичгийн даргаар түр томилсон юм. Учир нь Л.Энх-Амгалан нь БШУ-ны, Б.Жавхлан нь Сангийн сайдаар ажиллаж буй бөгөөд шинэ яамыг түр давхар удирдах юм. 

Үндсэн хуулийн цэц дээр "давхар дээл"-ийн асуудал шийдвэрлэгдвэл тус яамдын албан ёсны сайд нарыг томилно. 

Мөн "давхар дээл"-ийн асуудал жигдэрсний дараа Цахим хөгжил, харилцаа холбооны яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Болор-Эрдэнийн албан тушаалыг өөрчилж тус яамны ДЭД сайдаар томилно гэх мэдээлэл улс төрийн хүрээнд яригдаж байна. 

Түүнээс гадна Эдийн засгийн хөгжлийн яамны ДЭД САЙДААР Женкогийн хүн гэгдэх АН-ын ҮБХ-ны гишүүн, сая татан буугдсан Эдийн засгийн хөгжлийн газрын дэд дарга БДөлгөөнийг томилж магадгүй байгаа аж. 

Ташрамд дурдахад, Төрийн албаны зөвлөлөөс Ковидын хуулийн хэрэгжилтийн үед шалгалт өгөлгүйгээр өндөр албан тушаалд очсон хүмүүсийг чөлөөлнө гэж мэдэгдсэн. Халагдах хүмүүсийн жагсаалтад Б.Болор-Эрдэнэ бий. Мөн тэрбээр төрийн албанд хоёр жил ажилласан бөгөөд 16 жилийн туршлага шаардсан албан тушаалд очлоо гэх шүүмжлэлд их өртсөн билээ.