Б.Энхбаяр: Албан тушаалтныг хардаж, сэрдэж бичсэн тохиолдолд хэвлэл, иргэн хоёрыг шүүхэд өгдөггүй болно

Б.Энхбаяр: Албан тушаалтныг хардаж, сэрдэж бичсэн тохиолдолд хэвлэл, иргэн хоёрыг шүүхэд өгдөггүй болно

УИХ-ын ирэх долоо хоногийн байнгын хороо, чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуулийн “гүтгэх” заалтыг өөрчлөх хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.

-"ХУДАЛ МЭДЭЭЛЭЛ ТАРААХ" ГЭДЭГ ЗААЛТЫГ БУЦААГААД "ГҮТГЭХ" БОЛГОЖ ӨӨРЧИЛНӨ-

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр хэлэхдээ “Хуучин “гүтгэх” гэсэн заалт байсан. 2020 оны хавраас “худал мэдээлэл тараах” гэдэг болсон. Энэ нь ганц хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд бус хүн бүрийн мэдэх эрхтэй хамаатай асуудал. 

Гол өөрчлөлт, “худал мэдээлэл тараах” гэдэг заалтыг буцаагаад “гүтгэх” болгох гэж байгаа. Худал мэдээлэл тараах заалтыг Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн саналаар оруулсан байдаг. Тухайн үед Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд “Бид нар сэтгүүлчдээ хамгаалах гэж байна” гэж дотоод, гадааддаа пиар хийж хөөрцөглөж байгаад оруулсан. Гэтэл бүр болохгүй зүйл рүү  оруулсан.

“Гүтгэх” гэдэг нь зориуд санаатай гүжирдлэгэ гэсэн утгыг агуулдаг. Худал мэдээлэл тараана гэдэг нь зориуд санаатай хэв шинжийг шаарддаггүй. Бодит байдлаас зөрүүтэй л бол бүгд худал болдог. Сэтгүүлчдээ хамгаалах нэрийн дор “худал мэдээлэл тараах” болгосон боловч яг үнэндээ үр дагавар дээрээ тэс өөр.

Сүүлийн хоёр жилийн байдлыг харвал эсрэгээрээ маш олон хэвлэл мэдээллийн байгууллага, иргэн ял авсан. Архангай аймгийн Засаг дарга гадаад улс руу 15 удаа явсан гэж нэг иргэн бичсэн. Гэтэл 14 удаа явсан байж таараад иргэнийг худал мэдээлэл тараасан гэж үзсэн. Хэзээ ч гэмт хэрэг биш зүйлийг ингэж шийдсэн нь харамсалтай. 2021 оны 3 дугаар сард өргөн баригдсан тус хуулийн төсөл 10 сарын дараа хэлэлцэгдэх  эсэхээ шийдэх гэж байна. Яагаад ингэж удсан бэ гэхээр хавар Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байсан. Тэр үеэр бүгд хийрхсэн байдаг. Сонгуулийн үеэр гүжир, гүтгэлэг их явагддаг. Тиймээс уг хуулийн төсөл ороход тохиромжгүй цаг үе нь биш байсан. Одоо хэлэлцэх эсэх асуудлыг шийдэхэд босго давж магадгүй гэж найдаж байна” гэлээ.

Улс төрд нөлөө бүхий этгээдүүд албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлсэнтэй нь холбоотойгоор хардсан, сэрдсэн үйлдлээр үйлдсэнийг гүтгэсэн гэж тооцохгүй гэх тайлбарыг мөн хуультай хамт оруулах юм байна. Үүгээр улс төрчдийг гүтгэж болохыг зөвшөөрч байна. Бид нар бас хүн гэх тайлбарыг хэлэх хэсэг хүмүүс бий.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Яг хууль зүйн агуулгаар нь ойлговол улс төрч бай, улс төрд нөлөө бүхий этгээдийг ч бай хувь хүнийх нь хувьд нэр төрд нь халдсан гэж үзвэл яг адилхан иргэнийнхээ хувьд хандах эрх нээлттэй. Хүн хүчиндсэн гээд мэдээлэл гардаг. Албан тушаалын хувьд хүн хүчиндэнэ гэж байхгүй. Хүнийхээ хувьд хүчин хийнэ. Хүнийх нь нэр төрд халдаж байгаа юм.

Энэ төрлийн гэмт хэрэгт гүтгэсэн бол гомдлоо гаргах эрхтэй. Харин албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотойгоор хардсан бол өөрөөр хэлбэл “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байна. Авлигал авсан байна. Албан тушаалын байдлаар урвуулж ашигласан байна” гэж байгаа хардлага, сэрдлэгэ дээр “Намайг гүтгэсэн гэж хандах эрхгүй” гэж байгаа юм.

Хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, үндсэн эрхийг хязгаарласан зүйл үгүй. Бусад улс орны туршлага ч ийм байгаа. Илүү их үүрэг хариуцлага үүрч ард түмнээс эрх авсан бол илүү их тэвчээртэй, хүлээцтэй байх ёс суртахууныг шаардаж байгаа юм. Тиймээс энэ ойлголтыг оруулах гэж байна”  гэлээ.




Өнөөдөр тахиа өдөр

4 цагийн өмнө