Д.Ганбаяр: Давж заалдах шүүхийн процессыг үргэлжлүүлээд явбал АН эвлэрч чадахгүй

Д.Ганбаяр: Давж заалдах шүүхийн процессыг үргэлжлүүлээд явбал АН эвлэрч чадахгүй

Ардчилсан нам долоон хоног бүрийн пүрэв гарагт цаг үеийн нөхцөл байдлын асуудлаар мэдээлэл хийдэг. Энэ долоо хоногийн мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, дэд дарга Б.Гарамгайбаатар, дэд дарга Д.Ганбаяр нар хийлээ.  

АН-ын дэд дарга Д.Ганбаяр “Үндсэн хууль гэдэг төр иргэдийн хоорондох харилцааг зохицуулдаг хамгийн чухал үнэт зүйл. Гэвч энэ хууль бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Тэр тусмаа улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудад хэрэгжихгүй байна. Үүний нэг гол жишээ бол Ардчилсан намын үйл ажиллагааг хагаралдуулж, талцуулж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын буруутай үйлдлээс, мөн түүний гол үйл хэргийг хэрэгжүүлж байгаа Н.Алтанхуягтай холбоотой асуудал. Бүхэл бүтэн УИХ-ын тухай хууль дээр бие дааж нэр дэвшсэн УИХ аль нэг нам эвсэлд орохгүй гэж заасан байхад АН-ын бүлгийн гишүүн мэтээр аашилж, Хууль зүйн байнгын хорооны хуралд бүхэл бүтэн шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үйлдэл ажиглагдсан. Тиймээс УИХ-ын гишүүд ээ. Үндсэн хуулиа дагаж, мөрдөөч ээ гэдгийг хэлмээр байна” гэв.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Үндсэн хуулиар иргэний эрх чөлөөг бүхий л талаар хамгаалах үүргийг төр хариуцдаг. Энэ үүргээ төр биелүүлж чадаж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр эрх баригч нам хүний эрхийг хамгаалах чиглэлд нэг удаа хуулийн зүйл заалтыг хөндсөнгүй. Нэг удаа санал санаачилга гаргаж явсангүй. Ордонд хэдэн судлаач цуглуулсан нэртэй хурал л хийсэн. Ардчилсан нам засаглаж байх хугацаандаа Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, парламент ёсыг хамгаалах чиглэлд, хүний эрхийг хамгаалах чиглэлд өөрчлөлт хийж чадсан. Гэтэл өнөөдөр УИХ даргад зориулсан хууль баталж, гишүүд дээр л мөнгө хуваарилж байна” гэв.  

Үргэлжлүүлэн сэтгүүлчид АН-ын тамга, тэмдэгтэй асуудал шийдэгдсэн эсэхийг асуулаа.

АН-ын дэд дарга Д.Ганбаяр “Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр тамганы асуудал шийдвэрлэгдсэн. Тухайлбал, С.Эрдэнэ албан ёсны улсын бүртгэлийн гэрчилгээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын н.Билэгсайхан даргын хэлж байсан “эх хувь дээр С.Эрдэнийн нэр бүртгэлтэй байгаа учраас буцаагаад тамгыг нь өгсөн юм” гэж сая болсон Хууль зүйн байнгын хорооны хурлаар мэдэгдсэн. Тамганы асуудал эцэслэгдэж шийдвэрлэгдсэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар маргааныг давж заалдан, шүүхийн процессыг үргэлжлүүлээд явбал АН эвлэрч чадахгүй. АН-ын тамганы асуудал шийдвэрлэгдсэн. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй холбоотой асуудал хийгдээд явна” гэв.

ҮЗЭХ:

 




Өнөөдөр хонь өдөр

53 минутын өмнө