С.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшийг гадаадын лабораторид шинжлүүлье гэж бодож байгаа

С.Тавинбэх: Сайжруулсан шахмал түлшийг гадаадын лабораторид шинжлүүлье гэж бодож байгаа

Эрчим хүчний сайд С.Тавинбэх сайжруулсан шахмал түлшний чанар ямар байгааг тодруулахаар гэр хорооллын айл өрхүүдээр явж, иргэдийн санал сэтгэгдлийг сонсжээ. Энэ үеэр сэтгүүлчдэд дараах мэдээллийг өгөв.

“Түлшний чанарын талаар ярихдаа их нухацтай хандах ёстой. Олон айлын хашаанд 10, 20 шуудай түлш овоолоостой байна. Цахим сүлжээнд иргэд “маш их тортогтой байна, асахгүй байна, гал руу ороод л бутарч байна” гэж бичиж байна. Гэтэл сая орсон айл зуухан доторх түлш нь яг хэлбэрээрээ, утаагүй, дулаан байна.

Утааны хэмжээ ихэссэн гэдэгтэй санал нэг байна. Ямар шалтгаанаар утаа нэмэгдсэн гэдгийг бид шалтгааныг нь тодруулахаар ажиллаж байна. Ихэнх иргэн сайжруулсан шахмал түлшний чанар муу гэж байна. Шахмал түлшний чанар Монгол Улсын стандарт хангаж байгаа эсэхийг өнөөдөр эрх бүхий лабораториуд бүгд туршилтын дүнгээр баталгаажуулчихсан байгаа” гэв.

Энэ үеэр сэтгүүлч “Сайжруулсан шахмал түлшийг гадаадын лабораторид шинжлүүлж болох уу” гэхэд тэрбээр “Бид тэрийг хүртэл бодож л сууна. Мэргэжлийн хяналт сайжруулсан шахмал түлшний үйлдвэрт бүх шатанд байнгын хяналт тавьж ажилладаг. Бид өөрсдөө хүртэл хүсэлт тавьж, нэмэлт шалгалтуудыг оруулдаг. Шалгалтын дүн, лабораторийн дүн яг л адилхан гараад байгаа” гэв.