Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томиллоо

Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар, Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томиллоо.

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнгөрсөн сарын 30-ны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссын саналыг хэлэлцжээ. Хуралдаанаар, санал болгосон Ц.Амартөгсийг ТАЗ-ийн гишүүнээр томилуулахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг танилцуулав.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах үүрэг бүхий комиссыг Төрийн байгуулалтын хороо хариуцсан ахлах зөвлөх Б.Хатантуулаар ахлуулан 7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Журамд заасны дагуу комиссын бүрэлдэхүүнд Удирдлагын академи, Үндэсний аудитын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Төрийн албаны зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Авлигатай тэмцэх газрын холбогдох албан тушаалтнууд багтаж ажиллажээ.

Сонгон шалгаруулах комисс Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах мэдээллийг хэвлэл мэдээллээр 7 хоног нээлттэй зарлаж, 8 хүн материал ирүүлснээс журмын шаардлага хангасан 5 оролцогчийг бүртгэж үнэлгээ өгөхөд Ц.Амартөгс нь хамгийн өндөр үнэлгээ авчээ. Иймээс комиссын тайлан, холбогдох материалуудыг Байнгын хороонд хүргүүлж, хамгийн өндөр үнэлгээ авсан Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлэх саналаа Байнгын хороонд уламжилсан байна.

Нэр дэвшигч Цэнддаваагийн Амартөгс нь 1994-1998 онд Хөдөлмөрийн дээд сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч, менежер мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд МУИС-ийн Эдийн засгийг сургуульд бизнесийн удирдлагын магистр, 2005-2006 онд Австралийн Флиндерсийн Их суруульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан, 2021 оноос МУИС-ийн докторантаар суралцаж байгаа аж.

Тэрээр 1998-2000 онд Хөдөлмөр зохицуулалтын газарт мэргэжилтэн, 2000-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн, газрын орлогч дарга, 2012-2015 онд мөн яаманд хэлтсийн дарга, 2015-2020 онд Хөдлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлого зохицуулалтын газрын даргаар ажиллаж байжээ. Харин 2020 оноос Төрийн албаны зөвлөлийн Захиргаа, удирдлагын газрын дарга, Ажлын албаны даргаар ажиллаж байгаа аж.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, С.Чинзориг, Н.Наранбаатар, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг, Ц.Идэрбат, Н.Учрал, Л.Мөнхбаатар нарын сонгон шалгаруулах комисс болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулсан. Гишүүд орон нутагт ажиллах хүчний хомсдолтой байгаа тул үүнд анхаарахыг захиж байв. Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал, school based бус, skill based чанарыг суурь болгодог дэлхийн жишиг тогтсоныг дурдаад, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд ажилласан жил заасан нь оновчтой зохицуулалт биш гэдгийг тайлбарлаж байлаа.

Ингээд гишүүд асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Ц.Амартөгсийг Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр томилуулахыг дэмжсэн Байнгын хорооны саналыг дэмжье гэсэн саналын томъёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон 40 гишүүний 22 нь буюу 55 хувь нь дэмжлээ. Ингээд Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Ц.Амартөгсийг томилсон тухай тогтоол батлагдсанд тооцож, эцсийн найруулгыг УИХ-ын дарга Г.Занданшатар сонордуулав.




Өнөөдөр бар өдөр

3 цагийн өмнө