ТНБД нар уулзаж, "БОАЖЯ-ны Д.Ганболдыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл" хэмээн Ц.Нямдоржид хандахаар болжээ

ТНБД нар уулзаж, "БОАЖЯ-ны Д.Ганболдыг чөлөөлсөн нь хууль зөрчсөн үйлдэл" хэмээн Ц.Нямдоржид хандахаар болжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр /2022.01.17/ Засгийн газрын хуралдааныг гэнэт зарлаж, зарим шийдвэрийг гаргасан нь эрх баригч намынхныг хэдэн өдөр бужигнуулахаар байна. Түүний энэ шийдвэр хэд, хэдэн агуулгатай байж болно. 

-ӨЧИГДӨР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАР УУЛЗАЛДАЖ ЗГХЭГ-ЫН ДАРГА Ц.НЯМДОРЖИД ХАНДАХ ТАЛААР ЯРИЛЦЖЭЭ-

Сүүлээс нь эхлэе. Өчигдөр /2022.01.17/ орой Төрийн нарийн бичгийн дарга /ТНБД/ нар уулзалдаж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны ТНБД-аас даргаас Д.Ганболдыг огцруулсан асуудлыг тойрч ярилцжээ. Уулзалтын зорилго нь ч энэ байв. Ерөөс ТНБД нар өөрсдийгөө нэг анги гэж ярьдаг бөгөөд даргаар нь өмнө нь БШУЯ-ны ТНБД асан Ц.Батбаяр байгаад одоо Сангийн яамны ТНБД С.Наранцогт ажилладаг байна. Ингээд тус уулзалтаар “ТНБД-ыг ажлаас нь шууд чөлөөлдөг байж болохгүй. Төрийн захиргааны дээд албан тушаалтан.

Хуульд

  1. Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа /3 батүүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн.
  2. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон.
  3. Монгол улсын харьяатаас гарсан
  4. Өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд ажлаас нь халдаг.

Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг Төрийн албаны зөвлөл, Үндэсний аудитын газар зэргээс тогтоох бөгөөд сонсгол явуулах, мэдэгдэл өгөх зэрэг урт хугацаанд үргэлжлэх процесстой. Томилох, чөлөөлөх нь шат дараатай үргэлжилдэг бөгөөд хуулиараа хамгаалагддаг. Төрийн албан хаагчдын эрх зүйн баталгааг Төрийн албаны зөвлөл нь хангаж, улс төрийн нөлөөллөөр нэг л өдөр чөлөөлж болохгүй гэдгийг тов тодорхой заагаад өгчихсөн. Ийм байхад нэг өдөр Засгийн газрын хуралд өөрийг нь оролцуулахгүйгээр шууд “хусаад” байвал төрд ажиллах хүн үлдэхгүй. Засгийн газар ч цааш, цаашдаа хуулиа зөрчөөд байж болох ойлголтыг нийгэмд төрүүлж байна. Иймээс энэ асуудлаар ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдоржид хандах хэрэгтэй” гэж ярилцжээ. Энэ дагуу ТНБД нар удахгүй Ц.Нямдоржтой уулзалт товлох бололтой.

-ЗГХЭГ-ЫН ХУРАЛ ДЭЭР ХУУЛИЙГ САХИУЛАХ, ХАМГААЛАХ ҮҮРЭГТЭЙ Ц.НЯМДОРЖ БУЛТАЖ, АЛГА БОЛЖЭЭ-

Учир нь Ц.Нямдоржийн хувьд Засгийн газар дээр төрийн албаны хуулиа хамгаалах, сахих үүрэгтэй албан тушаалтан. Гэвч тэрбээр ТНБД нарын асуудлыг хүлээж авах нь эргэлзээтэй байна. Учир нь тэр цагаа тулахаар муриж алга болдгоороо алдартай нэгэн. Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уурлаж, утааны асуудлаа шийдэж чадахгүй бол өргөдлөө өгөөрэй гэж Н.Уртнасан, Н.Тавинбэх нарыг загнасан гэдэг.

Үүний дараа Н.Уртнасан яаман  дээрээ очиж дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нараа чөлөөлнө хэмээн цамнажээ. Сайдаа цамнаад эхлэхээр ТНБД Д.Ганболд нь Ц.Нямдоржтой уулзахад “Төрийн нарийн бичгийн дарга дураараа чөлөөлж болохгүй. Төрийн албаны хуулиараа шийддэг” гэж байжээ. Гэтэл яг цаг нь тулж өчигдрийн хурал дээр дээрх гурван хүнийг халах асуудал болоход Ц.Нямдорж бултаж алга болсон гэх. Угтаа тэрбээр хуулиа сахихыг Засгийн газрын хуралдаанд сануулах үүрэгтэй аж.

Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өчигдрийн шийдвэр нь ТНБД нарт өгч буй том анхааруулга боллоо. ТНБД нарын зарим нь сүүлийн үед сайдын албан тушаалд амбицлаж гүйлдсэн, ажлаа солилцоно хэмээн том толгойлсон зэрэг үйлдлийг гаргаж байсан гэдэг. Тиймээс ч тэдэнд сануулга өгч буй бололтой.

Ташрамд дурдахад, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны ТНБД Г.Өнөрбаяр, Сангийн яамны ТНБД С.Наранцогт, БХБЯ-ны ТНБД С.Магнайсүрэн, өчигдөр халагдсан Д.Ганболд нар нь бусад ТНБД-аасаа төрийн албаны бүх шалгуурыг хангасан тэргүүн зэргийн түшмэл зэрэгтэй аж. Эд нар дундаа Д.Ганболд нь улстөрийн хамгаалалт хамгийн сул байсан гэдэг. 

-Ц.ХҮРЭЛСҮХ, Л.ОЮУН-ЭРДЭНЭ НАРЫН ХУУРАЛТ АМЖИЛТТАЙ ХЭРЭГЖИВ ҮҮ-

Цаашилбал, “давхар дээл”-ийн асуудал Цэц дээр амжилттай явахаа больсныг энэ удаагийн үйл явдал илтгэв. Цэц дээр асуудал явахаа больсон нь олон шалтгаантай. Хамгийн сүүлийн мэдээллээр Цэцийн зарим гишүүд Үндсэн хуулиа хамгаална, улс төрийн зорилгоор өөрчлөлт оруулахгүй хэмээн гэдийж байгаа аж. Тэд Үндсэн хуулийг өөрчилбөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 6 жилийн хугацаа ч өөрчлөгдөх аюултай гэдгийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нарт сануулсан бололтой.

Үүнтэй холбоотойгоорр У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоршиж тоглон УИХ-ын гишүүдээ /сайд болохыг хүсэгчид/ хуураад “давхар дээл”-ийн асуудлыг явуулахгүй болсон байх магадлалтай байна. Энэ нь Н.Уртнасангийн албан тушаалд ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилсноос харагдаж байна. Тэгэхээр хууралт явагдав бололтой.

Улс төрийн хүрээнд яригдаж өөр нэг хувилбар нь Л.Оюун-Эрдэнийг У.Хүрэлсүхээс зөрж өөрийнхөөрөө ажиллаж чадна гэдгээ харууллаа гэх. Учир нь Н.Уртнасан нь Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатарын хүн, дэд сайд Ц.Батбаяр нь У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Зүүний хүчний холбооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан ойрын хүн нь. Улс төрийн хүрээнд харьцангуй У.Хүрэлсүхийн гэх нэх чухал бус хүмүүсийг халсан нь бас нэгэн сануулга байх магадлалтай гэж ярих хэсэг ч байна.