“Сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд ЗГ-аас боловсруулсан “Төрийн шалгалтыг зогсоох” хуулийг УИХ хэлэлцэлгүй завсарлажээ

“Сэргэлтийн бодлого”-ийн хүрээнд ЗГ-аас боловсруулсан “Төрийн шалгалтыг зогсоох” хуулийг УИХ хэлэлцэлгүй завсарлажээ

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар зургаан багц “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг зарлаад буй. Тодруулбал, “Боомтын сэргэлт”, “Эрчим хүчний сэргэлт”, “Аж үйлдвэржилтийг сэргэлт”, “Хот, хөдөөгийн сэргэлт”, “Ногоон хөгжлийн сэргэлт”, “Төрийн бүтээмжийн сэргэлт” гэсэн зургаан багц бодлогыг хэрэгжүүлснээр Монгол Улсын хөгжилд чөдөр тушаа болсоор ирсэн суурь асуудлуудын гарц шийдэл байх болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцолсон.

-“БООМТЫН СЭРГЭЛТ”-ИЙН ХҮРЭЭНД ОЛОН УЛСЫН ХУРДНЫ ЗАМ БАРИХ ТЕНДЕР ЗАРЛАНА ГЭВ-

Тухайлбал, манай улс боомтын хүчин чадлаараа 160 улсаас 130-т эрэмбэлэгдэж байгаа.Иймд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг энэ онд бүрэн ашиглалтад оруулж, Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтуудыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлнэ гэж буй.

Мөн хилийн боомтуудыг хурдны замаар холбох ажлыг Алтанбулаг-Замын-Үүд боомтуудыг холбосон 987 километр хурдны замыг барихаас эхлэх болно гэж Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Их хурал дээр мэдэгдсэн.

Энэ хүрээнд өчигдөр /2022.01.19/ хуралдсан Засгийн газрын хурлаар Алтанбулаг, Замын-Үүд чиглэлийн хурдны замын хурдны авто замын тендерийг олон улсад нээлттэй зарлахаар болжээ. Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, “Төрийн худалдан авах ажиллагааны газар ойрын хугацаанд тендерийн бичиг баримтыг боловсруулж нээлттэй тендер зарлагдана” гэж мэдэгдсэн. Энэхүү ажил “Боомтын сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хийгдэх томоохон ажил аж.

-ХУУЛЬ БАТЛАГДСАН БОЛ ИРЭХ ХОЁРДУГААР САРЫН 1-НЫ ӨДРӨӨС ХЭРЭГЖИХ БАЙВ-

Харин Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд төрийн байгууллагуудаас иргэд, аж ахуй нэгжид хийдэг шалгалтуудыг тодорхой хугацаанд зогсоох хуулийг боловсруулж эхэлж. Тухайлбал, энэ талаар Хууль зүйн дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, “Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. 2022 оны хоёрдугаар сарын 1-нээс 2024 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл буюу гурван жилийн хугацаанд үйлчилнэ” гэж мэдэгдсэн.

Харин тус хууль батлагдсанаар, “ААН, байгууллагын үйл ажиллагаа, бизнес эрхлэхтэй холбоотой төлөвлөгөөт зарим хяналт шалгалтууд дээрх хууль батлагдсанаар зогсох" байж.

Хуулийн төсөл

Тодруулбал, хуулийн төслийн 1.3-д “… шууд зогсоохоос бусад төрлийн зөрчилд тэргүүн ээлжид албан шаардлага хүргүүлнэ. Албан шаардлага нь зөвхөн туслах, сануулах шинжтэй байна” гэжээ. Мөн төслийн 1.4-д “ Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, татвар, гааль, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын асуудал хариуцсан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалтад хамаарахгүй” гэжээ.  Гэсэн хэдий ч УИХ-ын намрын чуулган өнгөрөгч Мягмар гараг /2022.01.18/-т завсарласан. Иймд энэхүү хууль ирэх хоёрдугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжих боломжгүй болоод байна. Харин тус хуулийг ээлжит бус чуулган зарлаж, баталж магадгүй юм.