Коронавируст халдварын улмаас 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал хугацаанд Монгол Улсын дээд шүүхийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоох болсон талаар албаныхан мэдээллээ. Ингэснээр маргааш болох байсан Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан хойшилж байна.
Хуралдаанаар “Ардын чуулган” нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх, Монгол Ардын намын дарга, намын шинэчилсэн хөтөлбөр, үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх, Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтүүд, Өршөөл үзүүлэх тухай хуулийн зарим зүйл, хэсгийг тайлбарлах тухай тогтоолын төсөл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.2-т заасны дагуу Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн санал үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэх асуудлыг тус тус хэлэлцэх байсан юм.