Франц улсаас ОБЕГ-т маш өндөр үнээр “Airbus ЕС-145” загварын ХУУЧИН НИСДЭГ ТЭРЭГ нийлүүлжээ

Франц улсаас ОБЕГ-т маш өндөр үнээр “Airbus ЕС-145” загварын ХУУЧИН НИСДЭГ ТЭРЭГ нийлүүлжээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улс /БНФУ/-ын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/ , БНФУ-ын Иргэний аюулгүй байдал, гамшгийн удирдлагын газартай хамтран “Агаараас аврах ажиллагаа явуулах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Төслийн хүрээнд ОБЕГ, Францын “Хэли-Юнион” компаниас  “Airbus ЕС-145” загварын гурван нисдэг тэрэг худалдан авахаар болсон бөгөөд эхний ээлжийн хоёр нисдэг тэрэг манай улсад ирж, угсрагдаад байгаа юм. Харин гуравдах нисдэг тэрэг нь энэ оны хоёрдугаар сард ирэхээр болсон. Эдгээр нисдэг тэрэгний хувьд одоо манай улсад ашиглагдаж байгаа Ми-8, Ми-171 зэрэг нисдэг тэрэгнээс найм дахин хямд зардалтай байх бөгөөд нэг цэнэглэлтээр 650 км зайд нислэг үйлдэх боломжтой гэдгээрээ давуу талтай гэдгийг Шадар сайд С.Амарсайхан онцолсон.

-ОБЕГ-Т ХЭРЭГЖИХ ТӨСЛИЙГ 30 ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨЛӨХӨӨР ТОХИРОЛЦЖЭЭ-

Монгол, Францын Засгийн газрын хэрэгжүүлж буй дээрх төслийг 57,9 сая евро буюу 145 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй. Тодотговол,  Засгийн газрын 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хуралдаанаар дээрх төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжиж, тухайн үеийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг олгосон байна.

Улмаар төслийг хэрэгжүүлэх санхүүгийн зээлийн гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Франц Улсаас манай улсад суугаа элчин сайд Филипп Мэрлин нар гарын үсэг зуржээ. Тус төслийг нийт  57,9 сая евро буюу 145 тэрбум 543 сая 820 мянган төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр Францын төрийн сангийн “Натиксис” банкаар дамжуулан санхүүжүүлж, эхний 10 жилд үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөн 30 жилийн хугацаанд жилийн 0.08 хувийн хүүтэйгээр төлөхөөр тохиролцсон байна.

Гэтэл Франц улсаас ирсэн “Airbus ЕС-145” загварын нисдэг тэрэг нь өмнө ашиглаж байсан, нэлээд олон цагийн нислэг үйлдсэн "хуучин нисдэг" тэрэг байсан гэдгийг эх сурвалж бидэнд мэдээлэв.

Францаас зээлээр маш өндөр үнэтэй өгсөн Airbus EC-145 загварын нисдэг тэрэг

145 тэрбум төгрөгөөр хэрэгжих төслийн хүрээнд Франц улсаас яагаад хуучин нисдэг тэрэг Монголд ирүүлэв гэдэг нь анхаарал татаж буй юм. Төслийн хүрээнд хэт хүйтний нөхцөлд гал түймэр унтраах, олон төрлийн, тусгай зориулалтын 42 шинэ автомашин, агаараас эрэн хайх, аврах  эмнэлгийн тусламж үзүүлэх ажиллагаанд зориулж тоноглогдсон Airbus EC-145 загварын гурван нисдэг тэрэг, нисгэгчдийг сургах бага оврын нэг нисдэг тэрэг, симулятор, нисдэг тэрэг байрлах ангар, шатахуун цэнэглэх станц нийлүүлэгдэнэ гэжээ. Үүнээс үзэхэд автомашиныг шинэ хэмээн тодотгосон бол "нисдэг тэргийг шинэ, хуучин" гээгүй байна. Харин үүнийг Францч тал овжин ашиглаж, хуучин нисдэг тэрэг илгээв үү гэх хардлага төрж буй юм.

145 тэрбум төгрөгөөр хэрэгжүүлж буй төслийн ерөнхий зураглал

 -“AIRBUS EC-145” ЗАГВАР НИСДЭГ ТЭРЭГ 14-28.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА-

Нисдэг тэрэгний олон улсын худалдааны сайтад манай улсын Францаас авсан Airbus EC-145 загвар нисдэг тэрэгний өртөг үйлдвэрлэсэн оноосоо хамаараад шинэ нь 8.7 сая ам.доллараас 10 сая ам.доллар буюу 24.8-28.5 тэрбум төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна. Харин хуучин нисдэг тэрэг нь мөн л дээрх үзүүлэлт болон ниссэн цагаасаа шалтгаалан ойролцоогоор 4.9 сая ам.доллар буюу манай улсын өнөөдрийн ханшаар 14 тэрбум төгрөгийн үнэтэй зарагдаж байгаа юм. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Үүнээс үзвэл Францаас ирж буй гурван нисдэг тэрэгний өртөг 42-88.5 тэрбум болох нь.

Airbus EC-145 загварын хуучин нисдэг тэрэг худалдаалагдаж байгаа үнэ

Шадар сайд С.Амарсайханаас эхлээд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүртэл сүр дуулиантайгаар очиж танилцаад байсан Францаас ирсэн “Airbus ЕС-145” загварын хоёр нисдэг тэрэг нь нэлээд олон цагийн нислэг үйлдсэн "хуучин" болж таарав. 30 жил төлөгдөх дээрх нисдэг тэрэгнүүдийн зээл дуусаагүй байхад ашиглалтаас гарах, онцгой нислэг үйлдэж байгаад осолдох зэрэг эрсдэл үүсэх вий гэх хардлага ч төрж буй юм.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

6 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр нохой өдөр

7 цагийн өмнө