Якоб Стаусхолм: Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ

Якоб Стаусхолм: Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Улсын Их Хурлын эрхэм гишүүд,  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, дэд сайдууд, хөрөнгө оруулагчид, хамтрагчид, хүндэт зочид төлөөлөгчид өө! Та бүхний энэ өдрийн амгаланг айлтган мэндчилж байна.

Миний бие Монгол орон, Оюу толгойд дахин ирж, энэхүү түүхэн цаг үеийг та бүхэнтэй хуваалцах гэж буйдаа туйлын баяртай байна.

Гүний уурхайн үйл ажиллагааг өнөөдөр ийнхүү эхлүүлж байгаа нь Монгол болоод дэлхийн дөрвөн зүг, найман зовхисоос өрсөлдөгчөө хол хаях уурхайг цогцлоохоор ханцуй шамлан зүтгэж буй хүн бүрийн олон жилийн хүчин чармайлт, тууштай хөдөлмөрийн үр дүн юм.

Монгол хүний гараар бүтсэн, хөлс шингэсэн энэ уурхай улс орны ирээдүйн хөгжлийн түүчээ болоод зогсохгүй нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах дэлхийн эдийн засгийн шилжилтийг дэмжихэд гойд ач холбогдолтой билээ.

Оюу толгойн гүний уурхай бол монгол хүний ур чадвар, хичээл зүтгэл нь олон улсын хөрөнгө оруулалт, туршлагатай хавсарч ямар амжилтад хүрч чаддагийн илэрхийлэл юм. Төслийг хэрэгжүүлсэн олон улсын баг түүний дотор Монголын талын удирдлагууд, Рио Тинто группийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд, Зэсийн группийн Өсөлт, хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал болон “Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес болон түүний баг энд хүргэхэд гүн туслалцаа үзүүлснийг онцлох нь зүйтэй.

Өнөөдөр бид нэгэн чухал түүхэн үйл явдлын гэрч болж байна. Бид Оюу толгойг дэлхийн энтэй томоохон уурхайн нэг болгох, тогтвортой үйлдвэрлэлд хүрэх тууштай, зогсолтгүй урагшлах замд нь мордуулж байна. Оюу толгой үйлдвэрлэлийн оргил үедээ жилд хагас сая орчим тонн зэс үйлдвэрлэнэ. Энэ зэс бол үе хойчдоо ногоон, тогтвортой ирээдүйг бэлэглэхэд нэн шаардлагатай салхин сэнснээс эхлээд цахилгаан автомашин бүтээхэд зайлшгүй шаардлагатай (орц) билээ.

Үүнтэй ач холбогдлын хувьд эн зэрэгцэхүйц бэлгэшээлтэй үйл явдал өнөөдөр давхцаж байна гэж би үзэж байгаа. Стратегийн түншлэлээ харилцан итгэлцэлд тулгуурлан бэхжүүлэх, харилцааг шинээр эхэлж буйг өнөөдрийн арга хэмжээ давхар бэлгэдэж байна гэж бодож байна.    

Өнгөрсөн сард та бүгдийн дуу хоолойг сонсох зорилготой Монгол Улсад ирснээ тодорхой илэрхийлсэн билээ. Гаргасан алдаагаа ухамсарлан ойлгож, цааш хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг би ойлгохыг хүссэн. Чухамхүү анд нөхөр, итгэлт хүнтэйгээ л хамгийн бэрх яриаг өрнүүлдэг шүү дээ.

Хамтдаа хэлэлцэж ярилцсаны эцэст энд байгаа олон хүмүүсийн хамтын хичээл зүтгэл, тусламж дэмжлэгийн үр дүнд бид Монгол Улсад чухал ач холбогдолтой асуудлаар урагш алхах замаа тодорхойлохын зэрэгцээ санал зөрөлдөөнтэй явж ирсэн олон асуудлаар шийдэл олсон. Улмаар “Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн үйл ажиллагааг санал нэгтэйгээр эхлүүлэхийг зөвшөөрөх нөхцөлийг бүрдүүлж чадсан.

Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье. Тэд Монгол Улсын эрх ашгийн төлөө бат зогсохын зэрэгцээ яриа хэлэлцээнд шийдэл олохыг ямагт эрмэлзэж ирсэн.

Мөн энэ төсөл урагшлах боломж олгосон яамд, агентлаг болон УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан УИХ-ын түр хороонд яриа хэлэлцээний турш үнэ цэнтэй хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлье.

Түүнчлэн манай хувь эзэмшлийг төлөөлж хэлэлцээнд оролцсон “Туркойс Хилл Ресурс”,  “Оюу толгой” компанийн ТУЗ-аар дарга Г.Батсүхээр ахлуулсан Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд, удирдлагын багт сүүлийн саруудад хүлээцтэй хандаж, тууштай ажиллаж ирсэнд баярлалаа.

Мөн хөрөнгө оруулагчдын бидэнд хүлээлгэсэн итгэлд талархахын зэрэгцээ Монгол дахь олон зуун түнш, хамтран ажиллагч байгууллагууд, тэр дундаа Өмнөговь аймаг болон өнөөдөр хүрэлцэн ирсэн орон нутгийн төлөөлөл, хэвлэл мэдээллийнхэнд талархал илэрхийлье .

Эцэст нь, Оюу толгойн нийт ажилчид, ханган нийлүүлэгч, гэрээлэгч нарт цуцалтгүй хөдөлмөрлөн, өнөөдрийн чухал үйл явдлыг бодит үйл хэрэг болгосонд нь чин сэтгэлийн талархал дэвшүүлье.

Оюу толгойчууд та бүхний бүтээлцэж буй их үйлс дэлхийн уул уурхайн салбарт цахиур хагалах бүтээн байгуулалт мөнөөс мөн. Оюу толгой бол дэлхийн хэмжээнд ус ашиглалт, дахин боловсруулалтын жишиг тогтоогч, 600 гаруй Монголын ханган нийлүүлэгчдийн дэмжлэгтэй, нийт ажилтных нь 96%-ийг монголчууд бүрдүүлсэн уурхай.

Цар тахлын сорилт бэрхшээлийг даван туулж, өнөөдрийн чухал үйл явдлыг ийнхүү хамтдаа тэмдэглэж байгаад сэтгэгдэл өндөр байгаагийн зэрэгцээ та бүгд үүний тулд бие, сэтгэлээ золиослон хөдөлмөрлөснийг сайтар ойлгож байна.

Оюу толгой шиг мега төслийг хэрэгжүүлэх нь хэзээ ч амар байдаггүй. Ирээдүйд тулгарах сорилтууд, хийх ёстой дараа дараагийн чухал ажлууд бидний өмнө учир ингээд санаа амарч болохгүй. Санаа нийлсэн хамтрагчид бий тул бид итгэл төгс байна.

Оюу толгойн зэс дэлхий ирээдүйн хэрэгцээг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Оюу Толгой бол эрдсээс гадна  “эрдэм мэдлэг, ур чадварын уурхай” юм. Учир нь Оюу толгойгоос хүч түрэн гарах шилдэг боловсон хүчин ирээдүйд Монгол Улсын эдийн засгийг жолоодон хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Өнөөдрийн арга хэмжээ нь Монгол Улс олон улсын хөрөнгө оруулагчдыг өөртөө татаж, тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, хамтын үнэ цэн бий болгон, амжилттай ажиллаж чаддаг орон гэдгийг дэлхий дахинд харуулсан үйл явдал боллоо.

Хамтдаа эхлүүлсэн энэ аяллаа цаашид үргэлжлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна.