Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар өнгөрсөн онуудад “Эерэг тэмүүлэл” НҮТББ-тай хамтран “Нийслэлийн иргэний 10 зөв дадал аян”-ыг Эерэг амьдарцгаая уриатайгаар 200 орчим сургалт, нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, нийслэлийн есөн дүүрэг, 152 хорооны иргэд, нийслэл хотын их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулиудын нийт 20 мянга гаруй өсвөр үе, залуучуудад хүрч ажилласан байна. Түүнчлэн “Эртэч Монгол” хөдөлгөөнийг зохион байгуулаад байна. Уг хөдөлгөөн нь залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэл зүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг өөрчлөх, залуучуудын нийгмийн оролцоо, хариуцлага, ёс суртахуун, харилцааны эерэг соёлыг нэмэгдүүлэх, их хотын соёлыг түгээх, хорт зуршил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой юм.
“Эртэч Монгол” хөдөлгөөний хүрээнд “Эерэг Монгол залуучуудын давалгаа” нийгэмд үйлчилдэг байгууллагуудын нэгдсэн чуулган өнөөдөр 07:00 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо.
Чуулганы нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан оролцлоо. Тэрбээр “Өнөөгийн нийгэмд хүмүүс хоорондын харилцаа, эерэг хандлага, эерэг сэтгэлгээ гэдэг зүйл маш чухал. Амжилтад хүрэх гол үндэс нь болж байдаг. Эх орны ирээдүй болсон, их хотын хүн амын дийлэнх олонхыг бүрдүүлдэг хүүхэд залуучуудыгаа зөв хандлагатай, эерэг сэтгэлгээтэй иргэн болгон төлөвшүүлэх нь бидний нэн тэргүүний зорилт билээ. Тийм ч учраас бид өглөөг өөрөөсөө эерэг хандлагыг түгээж эхлүүлцгээе гэсэн уриалгыг дэвшүүлж байгаа. Эртэч Монгол хөдөлгөөн нийслэл даяар өрнөж байна. Нийслэлийн иргэний дагаж мөрдөх 10 зөв дадлыг үлгэрлэн дэлгэрүүлж, “Эерэг тэмүүлэл” ТББ-тай хамтран, 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Нийгмийн хөгжлийн түүчээ болсон “Эерэг Монгол” давлагаа залуучуудыг эртэч байхад уриалж, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж буйд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн зүгээс талархлаа илэрхийлье” хэмээлээ.
Чуулганд 1200 гаруй залуус сайн дураараа оролцож, эртэч, эерэг байж, хотын соёлыг түгээх элч болсон юм. “JCI Leader” салбарын “Positive Mind” төсөл, МУЗН, Ленд.мн сайт, Өргөө кино театр зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцож, үйл ажиллагааг дэмжин аянд нэгдэж байгаагаа илэрхийлэв. Чуулганы үеэр Карьер хөгжлийн төвөөс хандлага, ур чадвар тодорхойлох үнэлгээ хийлгэсэн эхний есөн хүнийг карьер төлөвлөлтийн сургалтад үнэ төлбөргүй хамруулах, Zero.mn цахим сайтаас өглөө хамгийн эрт ирсэн 50 хүний дундаас таван хүнийг шалгаруулан үнэгүй кино үзэх эрх бэлэглэх зэрэг үйл ажиллагааг зохион байгууллаа.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN