Т.Доржханд: УИХ-ын гишүүн боов, эд зүйлс тараахыг хориглох өөрчлөлтийг Сонгуулийн хуульд оруулна

Т.Доржханд: УИХ-ын гишүүн боов, эд зүйлс тараахыг хориглох өөрчлөлтийг Сонгуулийн хуульд оруулна

Өнөөдөр /2022.01.26/ УИХ-ын гишүүн Т.Доржханд, С.Одонтуяа нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын гишүүд тойрогтоо хэвийн боов болон эд зүйлс тарааж шүүмжилж, цаашид Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргаж буйгаа онцолсон юм.

Тодруулбал, одоо хэрэгжиж буй Сонгуулийн тухай хуулинд "УИХ-ын гишүүн нь сонгуулийн жил эхэлсэн үеэс эхлэн санал хураалт дуустал эд материал тараахыг хориглоно" гэж заасан байдаг. Хуулийн энэ заалтыг ашиглан улс төрчид сонгуулийн жилээс бусад жилд тойргийнхоо сонгогчдод эд зүйлс тарааж байгаад сонгуулиар санал авах төлөвлөгөөгөөр ажиллаж байна.

Тэгэхээр үүнийг өөрчилж улс төрч нь сонгогдсоноос хойшхи дөрвөн жилд эд зүйл тараахыг хориглоно гэх заалтыг Сонгуулийн тухай хуульд оруулах саналыг гаргаж буйгаа тус хоёр гишүүн мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Нэг удаадаа бэлэг өгөөд өнгөрөхөөс илүү бидний тэтгэврийг нэмээч, хөрсний бохирдол, утаагаа шийдээч гэж иргэд дуу хоолойгоо өргөж байна. Т.Доржханд гишүүн бид хоёрын зүгээс энэ асуудалд өөрсдийн шийдлийг санал болгож байна. Бид нэг удаа бэлэг тараагаад өнгөрөх биш үндсэн суурь асуудлуудаа бодлогын хэмжээнд ярьдаг баймаар байна” гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд “Тэртэй тэргүй цалин орлого сайтай байхад иргэд Цагаан сараа элбэг хангалуун, өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглэх боломжтой болно. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд улс эх орны төлөөх шийдвэрт нэгдэхгүй, тойрог тойргоор хуваагддаг нь буруу байна. Боов тараадаг биш бодлого ярьдаг УИХ-ын гишүүдтэй баймаар байна. Иргэдийг хангалуун амьдруулдаг эдийн засгийн бодлоготой, ахмадуудыг хангалуун баярлуулчих тэтгэврийн шинэчлэлийг хийх ёстой. Нэг удаа боов тараадаг тогтолцоогоо өөрчилье" гэлээ. Тэд хангалттай хэмжээний гарын үсэг цуглуулж чадвал Сонгуулийн тухай хуульд дээр дурдсан агуулгаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ҮХЦ-д хандах юм байна.




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө