Л.Энх-Амгалан: Танхимын хичээлийг ирэх сарын 28-нд эхлүүлэх хүсэлтэй байгаа бол Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байя

Л.Энх-Амгалан: Танхимын хичээлийг ирэх сарын 28-нд эхлүүлэх хүсэлтэй байгаа бол Цагаан сарыг өргөн хүрээнд тэмдэглэхгүй байя

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар боловсролын бүх шатны байгууллагын хичээлийг ирэх сарын 14-нөөс танхим болон цахимаар эхлүүлэхээр шийдвэрлэсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.

Тэрбээр, “Нийслэлийн бүх сургууль ирэх сарын 14-28 хүртэл танхим болон цахимаар буюу 5:9-ийн зарчмаар хичээллэнэ. Улсын хэмжээнд хийсэн судалгаагаар хичээлийн хоцрогдол 60 хувьтай байгаа бөгөөд энэ үзүүлэлт 1-3 дугаар ангийнханд илүү байна. Тиймээс ирэх сарын 28-наас 100 хувь танхимаар хичээллүүлэхийг үүрэг болголоо. Харин орон нутагт өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлээс шалтгаалж зохицуулалт хийнэ. Ногоон бүсийн сумын сургуулиуд ирэх сарын 14-нөөс 100 хувь цахимаар ажиллах юм” гэлээ.

Бүх шатны байгууллагын хичээлийг ирэх сарын 7-нд эхлэхээр байсан ч ийнхүү 7 хоног хойшилж байгаа нь коронавирусийн омикрон хувилбарын тархалттай холбоотой гэдгийг салбарын сайд онцоллоо. Уг хувилбарын тархалтын оргил үе энэ сарын сүүлээс ирэх сарын эхэнд тохионо хэмээн судлаачид үзэж буй юм. Ер нь танхимын хичээлийг нэг ч хоногоор хойшлуулахгүй байх бодлогыг салбар яамнаас барьж байгаа гэдгийг ч тэрбээр хэллээ. 

Мөн тэрбээр хичээл сургуулийг ирэх сарын 28-нд танхимд эхлүүлэхийн тулд иргэдийг гадуур зорчихгүй байж, Сар шинийн баярыг гэр гэртээ тэмдэглэхийг уриалсан юм. Хэрвээ халдвар тархвал хичээл эхлэх хугацаа хойшилж магадгүй гэдгийг тэрбээр мөн сануулав.