ХӨШИГНИЙ АРД: Д.Сумъяабазарыг шүүмжлэхийг ХОРИГЛОЖЭЭ

ХӨШИГНИЙ АРД: Д.Сумъяабазарыг шүүмжлэхийг ХОРИГЛОЖЭЭ

Өнгөрсөн амралтын өдөр /2021.01.29/ Нийслэлийн МАН 35 дугаар бага хурлаа “Нэг баг” уриатайгаар зохион байгуулж, даргаараа Д.Сумъяабазарыг улираан томилсон.

-МАХН-ААС З.БАЯНСЭЛЭНГИЙГ НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ТЭРГҮҮЛЭГЧДЭД БАГТААЖЭЭ-

Цаашлаад орон тооны дэд даргаар н.Батзулыг улирааснаас гадна шинээр МЗХ-ны ерөнхийлөгч Б.Сэргэлэнбаатарыг томилсон байна. Мөн орон тооны бус зургаан дэд даргыг томилсон бөгөөд үүнд УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд багтжээ. Цаашлаад хяналтын хорооны 11, тэргүүлэгч 23, намын хорооны 279 гишүүнийг шинээр сонгож бүтцээ өөрчилжээ. Ингэснээр нийслэл, дүүргийн намын бүтцийг шат, шатанд нь өргөтгөсөн байна. Амласан ёсоор МАХН-аас хоёр хүнийг тэргүүлэгчдэд оруулсан бөгөөд УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэ багтжээ.

-ШҮҮМЖИЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ҮҮРЭГ ДААЛГАВРЫГ ДҮҮРГИЙН НАМЫН ХОРООДЫН ДАРГА НАРААР ДАМЖУУЛАН ГИШҮҮДДЭЭ ӨГЧЭЭ-

Энэ удаагийн хурлыг том зургаар нь тодорхойлвол, “НОЙРНЫ” болжээ. Учир нь хурлын уур амьсгалыг эртнээс хайрцагласан бөгөөд Д.Сумъяабазарыг шүүмжлэхгүй байх, эсэргүүцэл гаргахгүй байхыг дүүргийн намын хороодын дарга нараар дамжуулан гишүүдэд захисан гэх. 

Тиймээс ч Д.Сумъяабазарыг чухамхүү сайн ажилласан, үр дүнтэй бодлого хэрэгжүүлсэн хэмээн ээлжилж магтаад 99.5 хувиар даргаараа сонгосон гэх. Ерөөс шүүмжлэл, захиас байгаагүй бөгөөд үүнд нь ундууцсан намын гишүүд нь заалны гадна “Хэдхэн жилийн өмнө манай нам дотоод ардчилалтай байсан. Нийслэлийн намын хорооны хурлаар дарга нарынхаа буруу үйл ажиллагааг шүүмжилж, алдаа дутагдлыг нь засч хэлж өгдөг байсан. Мөн заалнаас нэр дэвшиж ялалт хүртэл байгуулдаг байлаа. Жирийн гишүүд нь удирдах түвшинд нэр дэвших хүртэл хориотой болжээ. Эхнээс нь бүх зүйлийг хайрцаглаж буй нь энэ намын нэр хүнд, ирээдүйн амжилтад сөргөөр нөлөөлнө. Хэлэх үгийг минь хүртэл хорьдог коммунист даргатай болсон” гэжээ. Д.Сумъяабазар уриалаад байсан “Нэг баг”-таа сэтгүүлийн нүүрэнд харагдах улс төрчдийг багтаажээ. Тэднийг нэг баг болж ажиллах эсэхийг ирэх жилүүдийн үйл ажиллагаа нь харуулах бизээ.