А.Номин: Дөнгөж төрсөн хүүхэд маань цус сэлбэхийг таван цаг хүлээсээр амьсгал хураасан

А.Номин: Дөнгөж төрсөн хүүхэд маань цус сэлбэхийг таван цаг хүлээсээр амьсгал хураасан

Өнгөрөгч наймдугаар сарын 31-ний өдөр “Амгалан” амаржих газарт төрөхөөр очсон эмэгтэй харамсалтайгаар дөнгөж төрсөн хүүхдээ алдаж өдгөө гомдлоо барьж ядан хандаж болох бүхий л газарт хандаж байна. Тэрээр анх эмнэлгийн бараа харахдаа л өөрийн зовиураа хэлж хийсвэр хийлгэж хүүхдээ эрүүл төрүүлмээр байгаагаа эмч нартаа учирлаж байсан хэдий ч түүний үгийг тоогоогүй гэнэ.

Харин дөнгөж төрсөн нярай цус багадалттай гэх оноштой байсан бөгөөд цус сэлбэхийг хүлээж бүхэл бүтэн таван цаг амь тэмцсэн аж.

Гэтэл “Амгалан” амаржих газрын ажилтнууд Цусны төвөөс цус авчрах гэж бүтэн таван цаг хүлээлгэсний улмаас хорвоод мэндэлсэн хүүхэд эхийнхээ ангир шар уургыг амсаж амжилгүйгээр энджээ.

-ХҮҮХДЭЭ ӨӨРӨӨРӨӨ ТӨРҮҮЛЭХ ГЭЖ БАЙГААД УС ХАГАЛСНЫ УЛМААС ГЭНЭТ ЦУС АЛДАЖ ХИЙСВЭР ХИЙЛГЭСЭН-

-Таньд эмгэнэл илэрхийлье. “Амгалан” амаржих газарт төрөхөөр очсон ч харамсалтай үйл явдал болжээ. Тэр өдөр яг юу болсон бэ? 

-Сайн байна уу. Би хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр “Амгалан” амаржих газарт наймдугаар сарын 26-ны өдөр хэвтсэн. Тухайн үедээ би их хавантай очсон. Бусдаар хүүхэд хэвлийд эрүүл, саруул хяналтад байхдаа ч ямар нэгэн асуудалтай байгаагүй. Тухайн өдөр хэвтээд нэг даралтын эм ууж, хоёр тариа хийлгэсэн өөр эмчилгээ хийгээгүй. Би өөрөөрөө хүүхдээ төрүүлэх бүрэн боломжтой байсан. Тухайн өдрөө төрөхийн өмнөх сэдээлт өгсний дээр хаван маш өндөр байсан. Тэгээд 29-ний 18.00 цагт савандаа эм тавиулсан. Тэгээд тэр шөнөө дуншилт өгч эхэлмэгц би эмчийг дуудаж үзүүлсэн. Тэгэхэд савны амсар дөрвөн хуруу нээгдсэн байна гэсэн. Ингээд би төрөх тасаг руу явсан. Шөнийн 04.00 цагаас хойш өглөөний 08.00 цагт хүртэл өвдөлт өгсөн. Харин 08.00 цагт надад доогуур үзлэг хийгээд ус хагалахад гэнэт цус алдсан. Тэгээд л ийм харамсалтай юм болсон.

-Тухайн үед ураг амьгүй төрсөн юм уу? 

-Анх хийсвэрээр төрөхөд хүүхэд маань амьд төрсөн. Хамгийн гол нь хийсвэр хийх гэж цаг их алдсан. Намайг цус алдсаны дараа буюу таван хуруу нээгдсэн байхад эход харсан. Тэгэхэд их хугацаа алдсан байсан. Хамгийн ноцтой нь хүүхэд их цус багадалттай байсан учраас цус сэлбэнэ гээд бүтэн таван цаг хүлээлгэсэн.

Амгалан амаржих газраас багшийн дээд хоёрын хооронд бүтэн таван цаг явна гэж юу байх вэ. Цус нь шөнийн 02.00 цагт ирээд тун удалгүй хүүхэд маань амь эрсэдсэн. Үнэхээр их харамсалтай байна.

-Энэ асуудлаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу? 

-Гаргасан байгаа. Төрөхийн өмнөх тасаг болон нярайн эмч, сувилагч нарыг шалгуулахаар цагдаад хандсан.Мөн хамгийн гол нь миний усыг хагалсан тэр эмчид гомдож байна.

Би очихдоо “Миний  эхэс доор байрлалтай гэж зөндөө хэлсэн. Би их хавантай, даралт ихтэй гээд зөндөө хэлээд гуйгаад хийсвэр хийлгэмээр байна гэсэн. Гэтэл чиний хэлснээр байх албагүй гэж хэлээд огтоос тоогоогүй.

-Таны гомдлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Цагдаагийн байгууллагаас ямар хариу ирүүлсэн бэ? 

-Цагдаа нар огт ажиллахгүй байна. Манай байцаагч ч гэсэн тоохгүй байна. Би сая залгасан. Ингэхдээ “мэдүүлгээ нэмж өгмөөр байна” гэж залгасан. Тэгээд “Гомдол гаргасан эмч нараас байцаалт авсан уу?” гэж асуухаар “Шүүх эмнэлгийн шинжилгээний хариу гарахаар авна” гээд байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ. Гомдол гаргасан бол мэдүүлэг авч шалгах ёстой биз дээ. Би энэ талаар цагдаад гомдол гаргахаас өмнө хуульч нараас багагүй зөвлөгөө авсан.  Мэдүүлэг авах ёстой байтал одоог хүртэл ямар ч мэдүүлэг аваагүй л байна.

-НАМАЙГ ХАВАГНААД ХӨӨСӨН ОЧИХОД ЭМЧ НАР
ХАРААД ШООЛЖ ИНЭЭЖ БАЙСАН-

-Шүүх эмнэлгийн хариу нь хэзээ гарах вэ? 

-Анх шинжилгээнд хамруулахаар авч явахдаа 7-14 хоногт хариу нь гарна гэж байсан. Гэсэн ч одоо хүртэл гараагүй л байна. Одоо бараг 25 хоночихлоо. Энэ талаар байцаагчдаа хэлэхээр “Би өөрөө ажлаа мэдэж байна” гэсэн хариу хэлээд л тоохгүй байна.

-Та сувилагч, эмч нар бүгдэд нь гомдол гаргасан гэж байна. Яагаад ийм олон хүнд гомдол гаргах болов?

-Шүүмжлэлтэй зүйл олон байсан. Намайг анх очиход хавагнаад хөөсөн байхыг хараад үүдэнд сууж байсан сувилагч нь шоолж инээд байсан. Хэвтэхээр очиход буцаагаад яв” өглөө ирж үзүүл гэж байсан. Мөн төрсний дараа 7 хоногт оёдлоо боолгох гээд очиход дахин шоолсон хэвээрээ л байна лээ. Тэр сувилагч оёон дээр дарахад нь би бага зэрэг ёолоход “Одоо хүртэл эдгээгүй юм уу?”. “Арчаагүй юм бэ” гэж хэлсэн. “Би танайд 7 хоногийн өмнө төрсөн манай хүүхэд танай эмнэлэгт эндсэн шүү дээ” гэхэд “Тэр чинь надад ямар хамаатай юм бэ” гэж хээв нэг хэлж байгаа юм. Тэгэхээр нь би уйлаад боолтоо хийлгэхгүйгээр  гараад явсан. Ямар ч гэмшсэн шинж байхгүй байгаа нь ил байсан.

-ХҮҮХДЭЭ АЛДЧИХААД ЭМНЭЛЭГТ БАЙЖ БАЙХАД
ЭМЧ НАР ИНЭЭГЭЭД Л ӨНГӨРЧ БАЙСАН-

-Буруутай үйлдэл гаргасан эмнэлгийн удирдлага болон эмч нар эмгэнэл илэрхийлсэн зүйл байгаа юу? 

-Огт байхгүй. Би чинь хүүхдээ алдчихаад эмнэлэгт 3-4 хонож байхад хажуугаар инээгээд л өнгөрөөд байсан. Манай нөхөр хүүхдээ хээр хөдөөлүүлээд ирсэн. Миний хүүхэд хээр нохой шувууны хоол болж байхад энд буруутай эмч нар нь инээгээд л ажлаа хийгээд явж байгаад үнэхээр их харамсаж байна.

Өмнөхөн нь хоёр ч нярай эндсэн. Ийм золгүй явдал маш их байгааг би өөрийнхөө чихээр сонссон. Би эхэндээ уучлалт гуйхаар нь өнгөрөөнө дөө гэж бодож байсан. Харин одоо бол хөлөө хүрэх газраа хүртэл явна. Хүүхдийнхээ амийг нэхнэ. Манай монголчууд ийм харамсалтай хэрэг дээр яагаад зүгээр өнгөрөөд байгааг ойлгохгүй байна. Бүхэл бүтэн хүн алдчихаад байхад хэн ч тоохгүй юм. Хэн ч хариуцлага хүлээхгүй бүүр сурчихсан байгаа юм.

-Таныг үзүүлж байхад хүүхэд тань эрүүл бойжиж байсан уу? 

-Тийм. Би Амгалан амаржих газарт эхо харуулсан. Намайг дуншиж байхад хүртэл хүүхдийн маань хөдөлгөөн хэвийн байсан. Тэгээд л хэвийн болохоор л өөрөөр нь  төрүүлсэн юм. Тухайн эмнэлэгт би цус алдаж очоогүй шүү дээ. Хаван буулгаад эмчлэх байх. Би хавангаа буулгаад төрөх гэж очсон биш. Би өөрөө хүүхдээ ингээд алчихлаа. Энэ асуудал нам дарагдах байх. Манай нөхөр хүртэл яриа өгсөн байхад устгаад байна лээ.