Д.Золжаргал: Намайг Архангайн Засаг даргаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг ШҮҮХЭД өгсөн

Д.Золжаргал: Намайг Архангайн Засаг даргаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг ШҮҮХЭД өгсөн

2020 оны ИТХ-ын сонгуульд Ардчилсан нам Архангай аймагт ялалт байгуулсан. Тодруулбал, ИТХ-д Ардчилсан нам 20, МАН 19 суудал авсан юм. Үүний үр дүнгээр Д.Золжаргалыг тус аймгийн Засаг даргаар томилсон юм. Гэтэл өнгөрсөн зургадугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Д.Золжаргалыг коронавирусийн цар тахлын үеэр хариуцлагагүй ажилласан гэх үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлсөн. 

Уг захирамжийг Архангай аймгийн ИТХ-ын хуралдаанаар өнгөрсөн долдугаар сард хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэнээр Д.Золжаргалыг аймгийн Засаг даргаас албан ёсоор чөлөөлсөн юм. Үүний дараа Д.Золжаргал шүүхэд хандаж үндэслэлгүйгээр ажлаас халагдсан эсэхийг тодруулах мөн ажилдаа буцаан томилуулах нэхэмжлэхийг гаргасан юм. Энэ дагуу өнгөрсөн долоо хоногт /2022.02.10/ Өвөрхангай Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Д.Золжаргалыг үндэслэлгүйгээр ажлаас нь халсан гэсэн дүгнэлтийг гаргасан юм. 

Энэ талаар Д.Золжаргалаас тодруулахад "Би Архангай аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд анх хандсан. Тэгээд хөдөлж өгөхгүй, асуудлыг хэлэлцэхгүй болохоор нь Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандсан юм. 

Сая аймгийн ИТХ-ын тогтоолыг хүчингүйд тооцсон шийдвэрийг тус шүүхээс гаргасан. Намайг албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргасан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захирамжийг мөн Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өгсөн байгаа. Хэрэг үүссэн бөгөөд тун удахгүй хэлэлцэнэ. Өвөрхангайн шүүхийн шийдвэрийг хүлээгээд хэлэлцэхгүй байсан юм. Хоёр тусдаа асуудал шүү.

Би одоо Архангай аймгийн АН-ын даргаар ажиллаж байна" гэлээ.