О.Баасанхүү: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг сайн дураараа шалгуулахыг хүсэж байна

О.Баасанхүү: Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарыг сайн дураараа шалгуулахыг хүсэж байна

Ардчилсан нам долоо хоног бүрийн Пүрэв гарагт 4/11 мэдээллээ хийдэг. Энэ удаагийн мэдээллийг тус намын нарийн бичгийн дарга О.Баасанхүү хийлээ.

Тэрбээр “Ардчилсан намаас нэг уриалга гаргаж байна. Тодруулбал, өмнөх хоёр ерөнхийлөгч буюу Х.Баттулга, Ц.Элбэгдоржийг хууль хяналтын байгууллагад сайн дураараа шалгуулахыг уриалж байна. Ц.Элбэгдорж АН-ын нэрээр хоёр удаа сонгогдсон ч албан тушаалаа өгснөөс хойш хэвлэлээр янз бүрийн мэдээлэлд холбогдох болсон. Мөн Х.Баттулга Хөгжлийн банктай холбоотой асуудал, өөр янз бүрийн асуудал дээр ч дурдагдаж байна.

Ардчилал шударга байх ёстой, хуулийн дагуу байх ёстой. Нөгөө талаас улс төрийн хариуцлага үүрсэн албан тушаалтан байвал сайн дураараа шалгуулах ёстой. Гүтгүүлсэн бол нэрээ цэвэрлэ. Буруутай бол ял зэмээ ав.  Харамсалтай нь, Х.Баттулга Ардчилсан намтай ямар ч холбоогүй болсон. Яагаад гэвэл намаасаа гараад МАН-ын даргын зөвлөх буюу Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхийн ажил хийж байгаа. Тиймээс МАН-ынхан зөвлөхөө сайн дураараа шалгуулах ажлыг эрчимжүүлээрэй гэж хэлмээр байна” гэв.