Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

Л.Оюун-Эрдэнэ: Тендерийг товлосон хугацаанд зохион байгуулж, бүтээн байгуулалт эхлүүлээгүй Засаг дарга нарт хариуцлага тооцно

“Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг орон нутагт  эрчимжүүлэх нь” нэгдсэн зөвлөгөөнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бодлого, шийдвэр болон “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийн талаар орон нутгийн удирдлагуудад дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

Тэрбээр “Цар тахлын хүнд үед Засгийн газар эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө хэрэгжүүлсний үр дүнд -5.3 хувьтай агшсан эдийн засаг өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар 3.6 хувийн өсөлттэй гарсан. Оюутолгойн гүний уурхайн олборлолтын эхний шат эхэлснээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдад итгэл өгснийг онцоллоо. “Шинэ сэргэлтийн бодлого’’-ын хүрээнд аймаг, орон нутагт хийгдэх бүтээн байгуулалтын төслүүдийг эхлүүлж, эрчимжүүлэхэд онцгой анхааран,  туйлын хариуцлагатай ажиллахыг захилаа.

2022 оны улсын төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг гуравдугаар сарын 1-ний дотор зохион байгуулж дуусгахыг үүрэг болгож, бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь эхлүүлээгүй албан тушаалтанд хариуцлага тооцно гэж Ерөнхий сайд хатуу анхаарууллаа. Төсвийн худалдан авах ажиллагаа, тендерийг хугацаанд нь амжилттай зохион байгуулж чадаагүй яам , орон нутгийн удирдлагуудын ирэх жилийн төсвөөс хасах арга хэмжээ авна” гэв.