Шадар сайд С.Амарсайханы гэх тодотголтой Р.Батрагчааг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилжээ

Шадар сайд С.Амарсайханы гэх тодотголтой Р.Батрагчааг ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилжээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Батрагчааг хууль бусаар томилсон, хэн нэгний "шахаа"-ны хүн гэх мэдээлэл сүүлийн үед олны анхаарал татаад буй.

Р.Батрагчаа нь тус албанд томилогдохоосоо өмнө Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан нь ийнхүү хардлага төрүүлж байгаа аж. Харин албаны хүмүүс дээрх томилогоог хууль ёсны гэж буй. 

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Батрагчаа нь Шадар сайд С.Амарсайханы гэх тодотголтой хүн аж.

Тэд нэлээд эртний харилцаатай бөгөөд Шадар сайд С.Амарсайхан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдсоныхоо дараа Р.Батрагчааг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилж байжээ. Улмаар Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргад томилуулсан гэдэг. 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон Р.Батрагчаа нь 1995-1999 онд “Отгонтэнгэр” Их Сургууль, Олон улсын эрх зүйч /бакалавр/, 2000-2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хууль зүйн магистр, 2004-2005 онд Их Британийн Нью Коллеж Ноттингам, Өмгөөллийн 6-р шатны дээд курс, 2008-2009 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежмент /диплом/ тус тус дүүргэсэн нэгэн аж.

Тэрбээр 1999-2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” ХЗДС-д Эрх зүйн тэнхимийн багш, 2005-2006 онд Их Британийн Берримен хуулийн фирмд туслах хуульч, 2007-2008 “Датамо” ХХК болон “Кью Жи Экс Монгол” ХХК-д хуульч, 2008-2009 онд “Монголиан энд Глобал Лоёорс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал, хуульч, 2010-2014 онд “Эй энд Эй Глобал” хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2012 оноос “Jessup Cup” шүүхийн мэтгэлцээний дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч, 2013-2016 онд Өмгөөллийн Эй энд Эй Партнерс хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч, 2016-2019 онд Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд Нийслэлийн засаг даргын тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байгаа юм.