Б.Ундармаа нарын гишүүд Засгийн газар бус ХБ-ны ТУЗ, Захирал нь зээл олголтоо хариуцдаг болгон ХУУЛИЙГ өөрчилж байжээ

Б.Ундармаа нарын гишүүд Засгийн газар бус ХБ-ны ТУЗ, Захирал нь зээл олголтоо хариуцдаг болгон ХУУЛИЙГ өөрчилж байжээ

“Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль"-ыг 2011 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталж, тус оны тавдугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлж байсан түүхтэй. Улмаар 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны хуульд оруулах шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн баталсан байдаг. 

Энэхүү шинэчилсэн найруулгаар УИХ, Засгийн газрын тогтоолоор бодлогын төслүүдийг тодорхойлдог явдлыг болиулж, Хөгжлийн банкны ТУЗ нь шийддэг болгосон байна.

Энэ нь Хөгжлийн банкнаас олгож буй зээлийн чанарт нөлөөлж, чанаргүй зээл олгох суурийг тавьсан гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Хаянхярваа, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр, Г.Занданшатар, М.Оюунчимэг, З.Нарантуяа, Т.Аюурсайхан, Б.Ундармаа, Х.Баделхан, Ш.Раднаасэд, Б.Баттөмөр, Д.Ганболд, С.Чинзориг, Г.Тэмүүлэн, Ч.Улаан, Д.Тогтохсүрэн, Д.Дамба-Очир, Ц.Цогзолмаа нар 2016 оны 12 дугаар сарын 22-нд тус хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, УИХ-аар 2017 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр баталсан байна.

Хуулийн өөрчлөлтийг өргөн барив

Тэд тухайн үед "Хуулийн төсөл батлагдсанаар банк тогтвортой, үр ашигтай ажиллах, үйл ажиллагааны эрсдэл буурах, зээл олгох үйл ажиллагааны шуурхай байдал хангагдах, банкны үйл ажиллагааны хүрээ өргөжих, компанийн засаглал бэхжих ач холбогдолтой бөгөөд банкны үйл ажиллагаанд тавих хяналтын тогтолцоо боловсронгуй болсноор олон нийтийн банканд итгэх итгэл өсөж, цаашид банкны нэр хүнд, зээлжих зэрэглэл өсөх боломж нэмэгдэнэ" хэмээж байсан байна. 

Хуульд дараах өөрчлөлт оржээ

Гэвч хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаас хойш олгогдсон 60 зээлийн 35 зээл нь чанаргүй ангилалд орсон гэх судалгаа гарсан байна. Өөрөө хэлбэл нэр бүхий гишүүд өөрсдөдөө ашигтай байдлаар хуулийг баталж, Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авсан уу гэх хардлагыг төрүүлж эхлээд байгаа юм.  Учир нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа нь дээрх хуулийн төслийг өргөн барьсан байгаа нь ийнхүү хардлага төрүүлж буй юм. Түүний хамаарал бүхий компани Хөгжлийн банкнаас олон тэрбум төгрөгийн зээл авсан ч зээлээ төлөлгүй чанаргүй зээлдэгч болсон байна. Тиймээс ч УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн нөхөр А.Ариунболдыг өнгөрсөн долоо хоногт "гэрчийг дарамталж, сүрдүүлсэн" гэх үндэслэлээр нэг сар цагдан хорих шийдвэр гаргасан юм.