С.Эрдэнэ, Д.Монголхүү нарыг МоАХ-г ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдаад гомдол гаргалаа

С.Эрдэнэ, Д.Монголхүү нарыг МоАХ-г ашиглаж гэмт хэрэг үйлдсэн хэмээн цагдаад гомдол гаргалаа

Монголын Ардчилсан холбоо НҮТББ-аас /МоАХ/ өнөөдөр /2022.02.21/ С.Эрдэнэ, Л.Ганхөлөг, Д.Монголхүү нарын иргэдэд холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газар /ЦЕГ/-т гомдол гаргалаа.

Дээрх иргэд нь 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “Монголын ардчилсан холбооны гишүүд, үүсгэн байгуулагчдын үндэсний зөвлөгөөн” гэх Монгол Улсын хууль тогтоомжийг илэрхий зөрчсөн, гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйл ажиллагааг зохион байгуулж, МоАХ-ны гишүүд дэмжигчдийг залилж, хохирол учруулсан гэж гомдол гаргаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, гишүүдийг төөрөгдөлд оруулсан мөн энэ холбоог шинээр байгуулж буй мэт ойлголтыг өгсөн. 

Тухайлбал, дээрх нэр бүхий иргэд нь МоАХ-ны туг далбааг ашиглаж, МоАХ-д огт хамааралгүй хуурамч фэйсбүүк, твиттер хаягуудыг нээж ашиглаж байна.

Мөн Төрийн бус байгууллагын тухай хуульд зааснаар Монголын Ардчилсан холбооны хурлыг холбооны нэрийг барьсан хэсэг иргэд гаргах боломжгүй юм. Нэр бүхий иргэд нь энэ мэт хууль бус үйлдэл гаргасан үндэслэлээр Эрүүгийн, Зөрчлийн, Оюуны өмчийн болон Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн гэж МоАХ-ны Хэрэг эрхлэх газраас ЦЕГ-т гомдол гаргаж байна.

Энэ талаар, МоАХ-ны Хяналтын зөвлөлийн дарга Д.Пүрэвбаатар “МоАХ бол Монгол Улсын бүртгэлтийн байгууллагад албан ёсны бүртгэлтэй, хүчинтэй тамга, тэмдэгтэй байгууллага. Гэтэл С.Эрдэнэ Д.Монголхүү нарын иргэд МоАХ-ны дүрэм, журмыг илт зөрчиж, бусдыг төөрөгдөлд оруулан МоАХ гэх байгууллагыг шинээр байгуулж байгаа мэт, эсвэл зохион байгуулалтыг нь өөрчилж байгаа мэт дураараа авирлалаа. Энэ үйлдэл дээр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17, 19 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзээд гомдол гаргаж байна.

Эдгээр хүмүүс нь иргэдийг төөрөгдөлд оруулж, зориудаар улс төрийн намын үйл ажиллагаандаа МоАХ-г ашиглахын тулд залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг гаргаж байна. Иргэдээс мөнгө татаж байна. Түүгээрээ хууль бус бусармаг үйлдэл гаргалаа. Гомдлыг ЦЕГ хүлээн авлаа.

Цаашдаа МоАХ-ны тамга тэмдэг, нэр логог дураараа ашиглаж байгаа явдлыг таслан зогсоохгүй бол улс төрийн нам гэдэг байгууллага нь олон нийтийн байгууллагын гишүүдийг төөрөгдөлд оруулж, намынхаа үйл ажиллагаанд татан оролцуулж байгаа хэрэг гарч байна. Цаашдаа аль ч НҮТББ-д ийм явдал тохиолдох ёсгүй” гэлээ.

ҮЗЭХ: