Улстөрчид, сайд, дэд сайд нар Хөгжлийн банкны зээлдэгчдийг өмгөөлж тус банкны удирдлагууд руу ярих болжээ

Улстөрчид, сайд, дэд сайд нар Хөгжлийн банкны зээлдэгчдийг өмгөөлж тус банкны удирдлагууд руу ярих болжээ

Хөгжлийн банкны Үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Ж.Эрхэмбаатар "Улс төрийн нөлөөллөө хэрэгжүүлэхдээ өөрийн хамаатан садан, хамаарал бүхий этгээдээ тодорхой албан тушаалд томилуулах байдлаар хэрэгжүүлж байсан байна гэдгийг хууль хяналтын байгууллага шалгаж тогтоосон. Гэтэл эдгээр хүмүүс одоог хүртэл ажлаа хийж байна" гэдгийг онцолсон.

Тэгвэл чухам хэн гэж улстөрчид эл асуудалд холбогдож байгаа талаарх сэтгүүлчийн асуултад тэрбээр "Энэ бол хийсвэр дүгнэлт биш. Субъектив дүгнэлт ч биш. АТГ-аас өгсөн мэдээлэл дээр "Бүлэглэж үйлдсэн" гэх хүндрүүлэх нөхцөл байдал явж байгаа. Үүнд зөвхөн шийдвэр гаргадаг гүйцэтгэх захирал бус түүний дор ажилладаг хүмүүс нь зээлдэгчийн талаарх бодит нөхцөл байдлыг өөрчилж, шаардлага хангаж байгаа гэсэн дүгнэлт гаргаж, хамтаараа үйлдсэн тухай асуудал шалгагдаж байгаа. 

Зээл олгосон хүн нь зээлдэгчийн компанийн хувьцааг эзэмшдэг, яллагдагчаар татагдсан хүн нь одоо ажлаа хийж байх жишээтэй. Зарим нэгэн тохиолдолд зээлдэгчтэй хийх уулзалтын дараагаар мэдээлэл задарч байна. Мөн зээлдэгчтэй хийсэн уулзалтын дараа улстөрчид, сайд, дэд сайд нар ярьж байна. Харин Ерөнхий сайдын хувьд улстөрчдөөс ангид ажиллах үүрэг өгсөн. Бид энэ дагуу л ажиллаж байгаа. Үнэхээр шаардлагатай бол хэн гэж улстөрч хэний компанийг өмгөөлж ярьж байгааг ил тод зарлана" гэдгийг тодотгов.