Гадаад яам болон Б.Батцэцэг сайд “хугацаа алдсанаас” Украинд оюутнууд гацжээ

Гадаад яам болон Б.Батцэцэг сайд “хугацаа алдсанаас” Украинд оюутнууд гацжээ

Дэлхийн хамгийн хурцатмал бүс болчхоод буй Украинд нийт 68 монгол оюутан сурдаг. Эдгээрээс 47 нь дайны сургаар амжиж эх орондоо ирсэн байна. Харин үлдсэн 21 нь ирж чадаагүй байтал дайн эхэлж, өнөөдөр тэд Украины метроны буудлын хонгилд амь хорогдож буй. 

-ОЮУТНУУД ЧӨЛӨӨ АВАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ  БИЧГИЙГ ЭСЯ-ААСАА ХҮССЭН Ч ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ БАЙНА-

Дээрх оюутнуудаас гадна 22 монгол хүн тус улсад байнгын оршин суудаг аж. Тэд хүнд нөхцөл байдалд байгаа бөгөөд Гадаад харилцааны яамыг тусгай үүргийн нислэгээр татаж авахыг хүлээж байгаа гэдгээ манай сайтаар дамжуулан илэрхийлсэн.  

Харин Гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд нь уг процесс дээр хугацаа алдаж, хойрго ажилласан нь өнгөрсөн долоо хоногийн үйл явдлуудаас тодорхой болов. Мөн Польш улс дахь ЭСЯ болон Украин дахь өргөмжит консул нь ажлаа мэддэггүйн дээр хариуцлагагүй хандсан байгаа юм.

Учир нь Д.Оюун-Эрдэнэ, С.Тольмандалын ярианаас дүгнэвэл  хамгийн эхний уулзалт хоёрдугаар сарын 01-ны өдөр Польш дахь ЭСЯ-аас /Польшийн ЭСЯ нь Украин дахь монголчуудыг хариуцдаг/оюутнуудтай холбогдож “Zoom”-ээр уулзалт хийсэн. Тухайн үед Украинд хэд, хэдэн халдлага болсон байсан.

Энэ уулзалтаар ЭСЯ-аас “Нөхцөл байдал хүндэрвэл тусгай үүргийн нислэгээр та бүхнийг татаж авна” гэж мэдэгдсэн. Гэхдээ хугацаа хэлээгүй. Оюутнууд бүгд Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг. Тэд сургуулиасаа чөлөө авах гэхэд “Дайн болохгүй. Танай улс та хэдийг татах гэж байгаа юм бол ЭСЯ-аасаа бичиг аваад ир” гэсэн. Оюутнууд энэ тухайгаа ЭСЯ-ндаа хэлж, бичиг явуулахыг хүссэн. ЭСЯ-ны зүгээс удахгүй явуулчихна гэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл тэр бичиг нь оюутнуудын сургуульд очоогүй байна.

Удаах уулзалт мөн онлайнаар хоёрдугаар сарын 14-нд болж  оюутнууд хэрхэн Монгол буцах талаараа Консулаасаа асууж, тусламж  хүссэн. Оюутнуудын зүгээс Варшаваар транзит хийгээд Москва орно гэж хэлсэн. Гэтэл Консул яг тэр “Zoom” уулзалтын үеэр “Киевээс л ганцхан Москва руу нисэх боломжтой. Та нар Киевээр дамжиж яваарай” гэсэн. Хэлснийх нь дагуу оюутнууд Киевээр явахаар очсон ч нэвтрүүлээгүй. Худал мэдээлэл өгсөн гэсэн үг. Мөн тэрүүгээр ч явахгүй, энүүгээр ч орж болохгүй гэж худал мэдээлэл өгсөөр хугацаа алдуулж, заримыг нь хил дээрээс буцаахад хүргэсэн. Үүний улмаас хэд, хэдэн оюутан өнөөдөр Украинд хаачихаа мэдэхгүй хүндрэлд орсон байна. 

-Б.БАТЦЭЦЭГ САЙД ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГЭЭР ИРГЭДЭЭ ТАТАЖ АВНА ГЭСЭН Ч ОРОЙТСОН, ДАЙН ЭХЭЛСЭН БАЙЛАА-

Ганц энэ ярианаас дүгнэхэд Польш улс дахь ЭСЯ болон Украин дахь өргөмжит консул нь маш хариуцлагагүй ажилласан байна.Эл үйл чвдлын дараа буюу энэ сарын 24-ны өдөр /2022.02.24/Засгийн газар хуралдаж Украин дахь иргэдээ татаж авах асуудлаар шийдвэр гаргасан бөгөөд энэ үеэр Б.Батцэцэг сайд “Эхний байдлаар энэ 26, 27-ны өдөр шуурхай нислэгээр татаж авахаар төлөвлөсөн. Харин тус нислэг цуцлагдвал автомашинаар зөөх шийдэл болон тусгай үүрийн нислэг явуулна гэж төлөвлөөд байна. 

Зарим оюутнууд сарын өмнөөс асуудлыг ярьж эхэлсэн. Тэр үед "Та нар онгоц явуулаач ээ. Тусгай үүрийн нислэг явуулахгүй юм уу" гэсэн асуудал тавьсан юм. Тухайн үед бид нар хариуд нь "Нөхцөл байдал харьцангуй хэвийн байна. Тэгэхээр тусгай үүрийн нислэг үйлдэх нөхцөл байдал бүрдээгүй байна. Боломжтой бол  эцэг, эхтэйгээ зөвлөлдөөд ирчихвэл яасан юм" гэсэн юм.

Түүнийг ингэж мэдэгдэх үеэр Украинд аль хэдийн дайн эхэлсэн байлаа.

Гэтэл маргааш нь буюу энэ сарын 25-ны өдөр нислэг үйлдэх боломжгүй болчихлоо. Нөхцөл байдал хүндэрчихлээ. Дайны улмаас Украинд бүх нислэг зогссон. Мөн олон улсын нислэгүүд цуцлагдаж байна. Ямартай ч арга хэмжээг авна гэж хэлэв. Ийн түүний хариуцлагагүйгээс энд хэдэн эцэг, эх “шар мах”-тайгаа хатаж, тэнд хэдэн хүүхэд амь сэрүүн нь мэдэгдэхгүй байдалд орлоо. Хэрвээ ЭСЯ шуурхай ажиллаж, зөв мэдээллээр хангаж эрт тусгай үүрэг нисгэсэн бол ийм нөхцөл байдалд орохгүй байв. Одоо Б.Батцэцэг сайд ямар АРГА ХЭМЖЭЭ авах нь анхаарал татаж байна.