Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэг үзүүлж, галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлахаар болжээ

Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэг үзүүлж, галд өртсөн 300 гаруй урлагийн бүтээлийг сэргээн засварлахаар болжээ

Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт 2009 онд гарсан гал түймрийн улмаас Монголын дүрслэх урлагийн сор болсон 900 орчим бүтээл их, бага хэмжээнд шатсан.

Энэхүү үйл явдлаас хойш галын гэмтэлтэй бүтээлийг сэргээн засварлах ажил шат дараатай хийгдэж бага гэмтэлтэй 600 орчим бүтээлийг сэргээн засварласан бөгөөд одоогийн байдлаар галд их өртсөн сэргээн засварлах, шинээр бүтээлгэх 300 гаруй уран зураг байгаа юм.

Галд өртсөн бүтээлүүд нь Монголын түүх, нийгмийн байдал, ахуйн болон байгалийн сэдэвт, хөрөг зургууд, орчин үеийн чиглэлийн урлагийн бүтээлүүд байсан юм. Эдгээр зургийг сэргээн засварлах төслийг амжилттай эхлүүлж, Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Гадаад хэргийн яамны Соёлын өвийг хадгалан хамгаалах хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлж эхэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд Монгол дахь Герман улсын Элчин сайдын яаманд өнөөдөр “Төсөлд дэмжлэг үзүүлэх тухай” гэрээ байгуулж, Герман улсаас 100 мянган еврогийн дэмжлэгээр Монголын уран зургийн галерейд уран зураг сэргээн засварлах лаборатори байгуулахаар болж байна.