Монгол оюутнуудыг Украины хилээр гарахад нь тусалж буй Өргөмжит консул Эдуард Рубан Дархан хотод өсчээ

Монгол оюутнуудыг Украины хилээр гарахад нь тусалж буй Өргөмжит консул Эдуард Рубан Дархан хотод өсчээ

Манай улс Украин улсад Элчин сайдын яамгүй. Харин тус улсад өргөмжит консул ажиллуулдаг бөгөөд тус албан тушаалыг Украин улсын иргэн Эдуард Рубан гэх хүн хашдаг байна.

Өнгөрсөн амралтын өдөр олон нийтийн цахим сүлжээнд энэ хүний тухай шуугиж, гурван Монгол оюутанг Украины хилээр гарган Польш руу нэвтрүүлсэн хэмээн магтаж байв. Ингэхдээ тэрбээр оюутнуудад автомашинаа өгч явуулаад өөрөө гэр бүлийн хамтаар Украинд үлдсэн гэх мэдээлэл байгаа юм.

Гадаад харилцааны яамны албаныхан өчигдөр /2022.02.28/ хийсэн мэдээлэлдээ түүний дээрх үйлдлийн талаар дурьдаж “Бид түүнд баярлах ёстой” гэсэн юм. Украинаас монголчуудыг гаргах ажлыг тэрбээр үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа аж.

Харин Украин дахь зарим монгол оюутан түүнийг шүүмжилж ажилдаа хариуцлагагүй, сэтгэлгүй хандсан “Биднийг Монгол руу буцаахад хугацаа алдсан. Хичээлийг онлайнаар үзэж, судлахыг хүссэн бичгийг сургууль руу явуулахад мөн хугацаа алдаж удсан” гэж буй. Энэ мэт мэдээллийн гол “эзэн” болоод буй Украин дахь Монголын өргөмжит консул Эдуард Рубан гэж хэн бэ гэдэг мэдээллийг бид хүргэж байна.

-ЭДУАРД РУБАН НЬ МОНГОЛООС ЦАЛИНЖДАГГҮЙ-

Тэрбээр 1969 онд төрсөн. Багадаа Дархан хотод эцэг, эхийн хамтаар амьдарч Ерөнхий боловсролын дунд сургуульд сурч байсан гэх мэдээлэл байна. Ташрамд дурдахад, Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг бага байхад аав нь Эрдэнэт үйлдвэрт  ажиллаж байсан. Тиймээс бага насандаа гэр бүлийн хамтаар Эрдэнэт хотод амьдарч байсан түүхтэй гэдэг.

Д.Цогтбаатар Гадаад харилцааны сайдаар ажиллаж байхдаа буюу 2019 онд Эдуард Рубаныг Украинд Монгол Улсыг төлөөлөх өргөмжит консулаар томилж байжээ. Харин Польш дахь бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж консулын тамгыг нь түүнд гардуулж өгч байсан байна.

Өргөмжит консул нь Монголын болон хүлээн авагч улсын иргэн байж болно гэж Өргөмжит консулын тухай журамд заажээ. Өргөмжит консул нь консулын зарим үүргийг гүйцэтгэдэг, төлөөлж буй орны дипломат албаны бус хүн юм. Өөрөөр хэлбэл төлөөлж буй орноос цалинждаггүй, сайн дураар хоёр талын гэрээний үндсэн дээр тодорхой үүрэг гүйцэтгэдэг гэсэн үг. Ихэнх тохиолдолд суугаа орны ажил хэрэгч хүмүүс энэ үүргийг хүлээдэг аж. Эдуард Рубаны хувьд  Монголд өссөн, манай орны тухай мэдлэг, мэдээлэлтэй учраас түүнийг Украинд суух өргөмжит консулаар томилсон байжээ.